Ж.Чинбүрэн: Зарим хэцүү, төвөгтэй тохиолдолд ХАВДРЫН ЭМНЭЛГЭЭС дуудахад “үгүй” гэж хэлж чадахгүй байна

Ж.Чинбүрэн: Зарим хэцүү, төвөгтэй тохиолдолд ХАВДРЫН ЭМНЭЛГЭЭС дуудахад “үгүй” гэж хэлж чадахгүй байна

Хүний гавьяат эмч, олны мэддэгээр “элэгний” гэгдэх Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийнхнийг төлөөлөн УИХ-д сонгогдож гишүүнээр ажиллаад таван сар болжээ. Энэ хугацаанд тэрбээр хөнгөлөлттэй эмтэй холбоотой хүнд суртал, чирэгдлийг бүрэн цэгцэлж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог сууриар нь шийдэх эхлэлийг тавьсны зэрэгцээ эмнэлгүүдийн цахим шилжилтийн ажлыг амжилттай үргэлжлүүлж чадсан хэмээн бидэнтэй уулзав. Өөрөөр хэлбэл, иргэд хөнгөлөлтөөр авах эмийн бичгээ барьж эмийн сангуудаар хэсч эсвэл өглөө эртлэн очиж дугаарлан уур уцаар болдог эцэст нь эм ч үгүй үлддэг байсан байдал хэдэн хоногийн өмнө халагдлаа. 

Мөн эмнэлгүүд төрөөс мөнгө, тоног, төхөөрөмж, санхүүжилт нэхэхгүй эсрэгээрээ эмчилсэн иргэдийн тоогоороо санхүүжилтээ авч ажилчдын цалин болон бусад ахуйн асуудлаа шийддэг болох тогтолцоог УИХ-аар шийдүүлж чаджээ.

Цаашлаад эмнэлэгт үзүүлэхийн тулд биечлэн очиж үзлэгийн цаг авдаг байдал халагдаж утсаар захиалга өгөх зэрэг цахим үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, удахгүй жигдрүүлэхээр ажиллаж байгаа гэв.

Энэ мэт хийсэн болон хийх ажил ихтэй талаараа тэрбээр хуучиллаа. УИХ-ын гишүүн болсон нь ерөөс онцгой ажил биш бөгөөд энэ хугацааг зөвхөн салбарын асуудлаа л шийдэхэд л чиглүүлж байгаа гэж тэрбээр мөн хэлсэн юм.  Мөн эмчийнхээ ажлыг орхилгүй Хавдар судлалын үндэсний төвд судалгааны ажил хийх, хаа нэг хагалгаанд дуудагдах гэх мэтээр завгүй байгаа гээд түүнд хуучлах сонин, сайхан их байна.

Түүний ярилцлагыг хүргэж байна.

СОНСОХ:

-800 ХЯТАДЫН ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ КОМПЬЮТЕРҮҮДИЙГ ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ӨГӨХ ЁСТОЙ-

-УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрсөн пүрэв гаригт хуралдаж эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой асуудлыг ярилцсан. Энэ үеэр та “800 хятадын хэрэглэж байсан өндөр үзүүлэлттэй компьютеруудыг эмнэлгүүдэд өгөх хэрэгтэй” гэж ярьсан. Гэтэл олон нийтийн зүгээс “Өнгөрсөн жил Монгол улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлж өөрөөр хэлбэл цахим наймаа хийсэн хятадуудын хэрэглэж байсан компьютерыг эрүүл мэндийн салбарт ашиглах нь аюултай. Аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй. Компьютер гуйх хүртлээ эрүүл мэндийн салбар дордоо юу” гэх шүүмжлэлийг өрнүүлж байна. Уг шүүмжлэлийн хариуд та ямар тайлбарыг хэлэх вэ?

-2021 оны төсвийн үзэл санааны онцлог нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлд тулгуурласан. Гэхдээ мөнгө тавиад л асуудлыг шийддэг юм биш. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх, төсөв санхүүгээр дэмжих цаашлаад гүйцэтгэл гурав нийлж байж шинэчлэл болно. Ийм байдлаар УИХ, Засгийн газар хамтраад эрүүл мэндийн салбарыг шинэчлэх томоохон бодлогыг нэг дор ярьж буйд би их баяртай байна. 2021 онд эрүүл мэндийн салбар шинэчлэгдэх боломж гарч буйд эмч хүнийхээ хувьд сэтгэл дүүрэн байгаа юм. Эдийн засаг агшсан үе учраас төхөөрөмж, хөрөнгө оруулалт зэрэгт илүү их мөнгө тавиагүй.

Харин хасаагүйд нь л баяртай байгаа юм. Тийм учраас бид боломжтой бүхий л арга, хувилбаруудыг хайж бага зардлаар олон ажил хийхийг зорьж байна. Энэ утгаараа би Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр 800 хятадаас хурааж улсын орлого болгосон компьютерыг эрүүл мэндийн салбарт өгөх саналыг дэвшүүлсэн. Дам сургаар тэр компьютерууд маш өндөр үзүүлэлттэй гэсэн. Хурдтай, сайн компьютер учраас анхан шатны эмнэлгүүдэд өгөх хэрэгтэй байна. Сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй ажилчдын зүгээс бидэнд хандан “Цахимжиж буй эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй хэрэглээний компьютерүүд нь хурдаа гүйцэхгүй байна” гэсэн саналыг хэлсэн.

Тухайлбал, сум, өрхийн эмнэлгийн эмч нар өвчтөнүүдийн хөнгөлөлтөөр авдаг эмийн жорыг компьютертээ бичиж оруулдаг. Түүнийг оруулахад компьютер нь удаж гацдаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын серверт оруулах гэж хүлээлт үүсдэг. Эмч нь эзгүйдээ өвчтөнүүд дугаарлаад байгаа юм биш. Зүгээр л компьютер нь мэдээллээ дамжуулах гэж хүлээгдээд байна. Энэ бүхнийг бөөн мөнгө гаргаж янзлах боломжгүй. Тэгэхээр буй боломждоо тулгуурлан реформ, шинэчлэлээ хийгээсэй гэдэг үүднээс дээрх саналыг гаргасан юм. Компьютерүүдийг форматална. Дээрээс нь хардыг нь ТЕГ болон хуулийнхан хураагаад авчихсан. Тэгэхээр шинээр хард байршуулж л ажиллуулна шүү дээ.

Тийм учраас нууцлал алдагдах зүйлгүй. Санаа зовж буй бол сайн л байна. Дамжуулж буй мэдээлэл дотор тухайн өвчтөний мэдээлэл ч байхгүй. “Энэ хүн ийм эм ууна” гэсэн эмчийн бичмэн жорын мэдээлэл л бий. Хэрвээ мэдээлэл авна гэвэл наад захын хакер л систем рүү ороод хакердчих боломжтой шүү дээ. Гэхдээ тэнд хакердах мэдээлэл байхгүй. Тэгэхээр эсрэгээрээ иргэд энэ саналыг дэмжиж тэр компьютеруудыг эрүүл мэндийн салбарт өгчих хэмээн уриалахыг хүсч байна.

-Эхний ээлжид сум, өрхийн эрүүл мэндийн анхан шатны эмнэлгүүдийг компьютержуулахад нийт хэдэн компьютер хэрэгтэй вэ. 800 хятадын хэрэглэж байсан компьютерыг эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж эхэлбэл хэдэн хувь нь сайн чанарын компьютерээр хангагдана гэж ойлгох вэ?

-Анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг 400 гаруй л эмнэлэг бий.  Сум, тосгон, хорооны эмнэлгүүдийг л хэлж байна шүү дээ. Энэ гурван бүтцэд хоёр, хоёр компьютер л өгчхөд болох юм. Миний бодлоор бүгд сайн компьютертой болох боломжтой. Гэхдээ тэр компьютеруудыг авчраад шууд “Май” гээд өгчихгүй шүү дээ. Хард, программ суулгах гэх мэт ажлуудыг хийнэ.

-ЭМНЭЛГҮҮДИЙГ ЦАХИМЖУУЛАХ ДЭЛХИЙН БАНКНЫ
ТӨСӨЛ ГАЦСАН-

-100 хувь цахим болоход компьютерээс өөр ямар тоног төхөөрөмж шаардлагатай вэ. Тэр бүгдийнх нь төсөв, санхүү 2021 оны төсөвт суугдаж чадсан уу?

-Төсвөөс гадна Дэлхийн банкнаас санхүүжүүлэх төсөл бий. Энэ төсөл нь эрүүл мэндийн салбарын цахимжилттай л холбоотой. Гэрээ нь зурагдсан. Нийгмийн сүлжээнд “Та нар зургаан сая долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна. Хямдхан хийх боломжтой” гэх шүүмжлэл өрнөсөн. Төслийн хүрээнд программ хангамжаас гадна 3000 компьютер, хурууны хээ уншигч худалдаж авах ажлууд багтсан. Гэтэл энэ бүх ажил гацсан. Уг төсөл яагаад гацсаныг шалгах ажлын хэсгийг Инновац, цахим бодлогын байнгын хорооноос байгуулж даргаар нь намайг томилсон. Миний хувьд дээрх асуудлыг судалж, шалгах үүрэг авсан.  Одоо дэд ажлын хэсгийг баталж, ажлын хувиараа гарган хурдан ажиллахаар төлөвлөж байна. Дэлхийн банкнаас санхүүжүүлэх энэ зургаан сая долларын төсөл хэр зөв, зүйтэйг шалгана. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар цахимжих нэрээр 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэж Н.Учрал гишүүн хэлж байна лээ. Гэтэл үр дүн гараагүй. Яагаад дахиад том төсвөөр дахин ажил хийх болж байна вэ. Үүнийг ажлын хэсэг мөн шалгана.

- Дэлхийн банкны төсөл хэрэгжвэл ямар үр дүн гарах вэ?

-Том зургаар хэлбэл эрүүл мэндийн салбар тэр чигтээ цахимжина. Иргэн дурын эмнэлэгт очоод өвчний түүхээ цахимаар эмчдээ үзүүлдэг боломжтой болох юм. Заавал карт барьж явах шаардлагагүй. Эмнэлгүүдэд хэвтэж буй өвчтөний мэдээлэл, эмчилгээ бүгд онлайн горимд байна. Тэр хүнд ямар эмчилгээ хийж байсныг жижүүрийн эмч ч харах боломжтой болох юм. Мөн эмнэлгүүд хоорондоо мэдээлэл солилцох юм. Нэг өвчтөний асуудлаар эмч нар онлайнаар холбогдон онош тавьж, эмчилгээ хийн шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болно. Тухайн өвчтөний талаарх мэдээлэл өвчтөний л өмч юм. Эмчийнх биш. Тэр эмчлүүлэгч аль ч эмнэлгийн эмч дээр очоод өвчний түүхээ цахимаар үзүүлэх боломжийг нээх тогтолцоо бүрдэх юм. Үүнийг л эрүүл мэндийн салбарын цахимжсан хөтөлбөр гэнэ. Хувийн хэвшлүүд нэлээн сайн цахимжсан. Харин одоо хувийн болон улсын эмнэлгүүд хоорондоо мэдээллээ солилцдог болно.

-Төсөл хэрэгжиж эхэлбэл эцсийн байдлаар хэзээ дуусах вэ?

-Угтаа бол нэг жилийн дотор хийгдэх ёстой юм. Гэхдээ би бүрэн танилцаагүй л байна. Одоо л мэдээллээ авч эхлэх гэж байна. Ер нь эрүүл мэндийн салбарын жинхэнэ шинэчлэл энэ юм. Бид санхүүжилтийн тогтолцоогоо шинэчилсэн. Удахгүй эмийн хуулиа батлах зорилготой байна.

-ШИНЭ ХУУЛЬ: ЧАНАРТАЙ ЭМ, ҮНИЙН ХЯНАЛТТАЙ ОРЖ ИРНЭ-

-Эмийн хууль батлагдсанаар ямар дэвшил гарах вэ?

-Манай улсын жижиг зах, зээлд чанартай эм, үнийн хяналттай орж ирнэ. Нэгдсэн худалдан авалт хийгдэж, нөөц үүсгэж чаддаг болно. Сая ковидын үеэр бид будаа, гурилаа  нөөцөлж чадаж байна шүү дээ. Гэтэл эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцгүй байсан. Тэгэхээр нөөцөлдөг болно. Нөгөө том шинэчлэл нь цахимжилт. Иргэнд ээлтэй, амар байх ёстой. Гэхдээ алга хөмөрсөн юм шиг бүх зүйл нэг дор сайхан болохгүй. Аажим, аажмаар өөрчлөгдөнө. Иргэдээ хүлээцтэй, тэвчээртэй байгаарай гэж хэлье. Одоо дурын эмийн сангаасаа эмээ хөнгөлөлттэй авдаг болж байна. Хөнгөлөлттэй эмээ авснаар тухайн иргэний эрүүл мэнд эрсдэлд орохгүй болох юм. Тийм ч учраас төсвийг нь 60 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн шүү дээ.

-Хөнгөлөлттэй эмийн асуудал ярихад “Энэ 60 тэрбум төгрөг чинь хүрэх юм уу. Иргэдээ эмийн хамааралтай болгох гэлээ” гэх шүүмжлэл хэлэх гишүүд байх шиг байсан?

-Эмээ авахгүй бол эмнэлэгт хэвтэнэ. Үнэгүй эмчилгээг эмнэлгээс авах болно. Угтаа бол эмээ гэрээрээ уухад болох юм шүү дээ. Гэтэл тухайн хүнийг эмнэлэгт 10 хоног хэвтүүлж дусал, шингэн хийснээрээ даралт нь ихсэхээ болих юм биш шүү дээ. Хэрвээ тухайн иргэнийг эмнэлэгт хэвтсэний төлөө мөнгө төлөөд байвал эсрэгээрээ Эрүүл мэндийн даатгалын сандаа дарамт учруулна. Харин эмээ уувал эмнэлэгт хүндрэл учрахгүй, даатгалаас эмнэлэгт нь мөнгө төлөхгүй болно. Хөнгөлөлттэй эм олгох нь мөнгө хэмнэх арга юм. Эдийн засгийн хувьд зөв арга гэсэн үг. Хэрвээ тэр хүн эмээ уух чадахгүй байгаад харвачихвал яах вэ. Нэг бол нас барна эсвэл тахир дутуу болно. Тэгээд эмнэлэгт очвол бүтэн сар эмчлүүлнэ. Ямар их зардал гарах вэ. Энэ бүх зардлыг буулгах зохион байгуулалт юм. Асар их судалгаа, тооцоотой ажил.

-ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ЭМНЭЛГҮҮД ТӨРӨӨС МӨНГӨ
ГУЙХАА БОЛИНО-

-Цахим шилжилт болон эмийн асуудал шийдэгдэх юм байна гэж ойлголоо. Харин хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв ирэх оны төсөвт хэрхэн суугдсан бэ. Тавьсан төсөв нь таны санаанд нийцэж чадсан уу. Та бол хавдрын эмч хүн шүү дээ.

-Санхүүжилтийн тогтолцоог шинэчилсэн гэж дээр ярьсан шүү дээ. Үүний хүрээнд хавдрын эмчилгээ орсон. Өмнө нь “Хавдартай хүмүүсийн зардлыг төр дааж байна” гээд Хавдар судлалын үндэсний төвд “Май”  гээд нэг бүхэл төсөв өгчихдөг байсан. Хэдэн хүн эмчлэх, эмэнд нь хэдэн төгрөг зарцуулах нь тодорхой биш. Гэтэл тэр нь хүрэхгүй учраас ар гэрээс нь мөнгө гаргуулах зэрэг асуудлууд гарч байсан шүү дээ.

Харин одоо заавал Хавдар судлалын үндэсний төв дээр хими эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсон. Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хийгдэж байна. Өмнө нь яагаад аймгуудад энэ эмчилгээ хийгдэж чаддаггүй байсан бэ гэвэл эмийн төсвийг нь өгдөггүй байсан юм. Тэгэхээр аймгийн Засаг дарга нар нөөцөөсөө мөнгө гаргаж хавдрын үнэтэй эмээ хангалттай авч чаддаггүй байсан. Тиймээс тэнд хавдрын эсрэг эмийн эмчилгээний хөгжил зогсонги байлаа. Одоо эсрэгээрээ эмчилсэн хүнийх нь тоогоор мөнгө өгөх гээд байна. Тэгэхээр хими эмчилгээ хийх баг ажиллаж чадаад 100 хүн эмчилбэл тэр чинээгээрээ л мөнгө авах нь. Түүнээс төсвөөс мөнгө гуйхгүй. Тэгэхээр эмчилгээ хийх сонирхолтой болж байгаа юм. 6000 хүн эмчилбэл 6000 хүний л мөнгө авна. “Бид эмчилгээ хийнэ. Эмийн төсөвгүй байна” гэж ярихаа болих нь. Энэ тооны хүнийг ингэж чанартай эмчилсэн учраас даатгалаас санхүүжилтээ авна гэж ярьдаг болох нь шүү дээ. Дөрвөн жилийн дараа эмнэлгүүд “Ийм тоног, төхөөрөмж авъя төсөв өгөөч” гэж ярихгүй.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангаа тэлж байж эмчлүүлж буй хүмүүсийн мөнгийг хангалттай өгдөг тогтолцоо руу орох болов уу. Төр дааж буй тусламж үйлчилгээн дээрээ илүү их санхүүжилт өгөх шаардлагатай болох нь. Тэгэхгүй бол зөвхөн хураамжаар дийлэхгүй шүү дээ. Одоо иргэн хоёр хувь, ажил олгогч хоёр хувийн татвар төлдөг. Хэрвээ энэ дөрвөн хувиараа явбал бид нарын хүсч буй том тоонд хүрэхгүй. Бидэнд 500 гаруй тэрбумын үлдэгдэл байна. 2-3 жилдээ энэ үлдэгдлээсээ татаж авч Даатгалын сангаас хүргэнэ. Цаашид Даатгалын сангаа тэлэхийн тулд төрөөс дааж буй санхүүжилтээ нэмэх хэрэгтэй болно. Эдийн засаг сайжирч, төр дааж буй тусламж үйлчилгээнд илүү олон хүн хамруулж санхүүжилтийг өгдөг тогтолцоо руу орно. Гэхдээ даатгалаас олгож буй мөнгө нь бодит өртгөө давах ёстой. Ингэснээр эмнэлгийн ажилчдын цалин ч нэмэгдэх боломжтой болж байна.

-Хими эмчилгээ хийх баг нь хангалттай мэргэшиж чадсан уу.

-Манай дээр мэргэшиж чадсан. Химийн эм, эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ зэрэг нь ороод нэг хүн тутамд мөнгө өгөх юм. Даатгалын сан дээр эмийн эмчилгээн дээр төвлөрөл буурч байна. Дүүргүүд ч мөн энэ эмчилгээг хийнэ.

-Эмнэлэг нь хэр хүртээмжтэй байх юм. Шинэ эмнэлгийн асуудал яригдаж байна уу?

-Аймаг, дүүргүүд дээр хавдрын эмчилгээ хийнэ. Хэдий тийм ч Хавдар судлалын үндэсний төвийг хүмүүс зорих нь хэвээрээ байна. Тиймээс бид 1980 онд баригдсан энэ эмнэлгээ өргөтгөх зорилгоор хоёр дахь салбарыг нь барихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. 2021 оны төсөвт зураг төсөл хийх төсөл нь орсон. Сонгинохайрхан дүүрэгт найман га газар шийдсэн. Улсын статустай хоёр дахь Хавдар судлалын төвийг нээх боломж бүрдэж байна. Зураг төсөл нь хийгдэж дууссаны дараа хөрөнгө босгох ажил руу орно. Ингэснээр бид дэлхий дээрх хамгийн сайн эмчилгээг оруулж ирэх юм. Түүнээс хуучирсан эмчилгээ биш. Шинэ эмчилгээг эх орондоо хүртээмжтэй, санхүүгийн дарамт багатай хийлгэх боломжийг л бүрдүүлэх гээд байгаа юм шүү дээ.

-ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ӨМНӨХ ЖАГСААЛТЫГ НЭГ ЭМИЙН КОМПАНИД ЗОРИУЛЖ ГАРГАСАН ГЭДЭГТ БИ ИТГЭЛТЭЙ БАЙДАГ-

-Таныг эмнэлэг, эрүүл мэндийн салбарын асуудал ярихаар бусад гишүүд хэрхэн хүлээж авч байна. Ярьж буй зовлонг тань ойлгох юм уу?

-Чи ажиглаж байна уу. Гишүүд надтай утсаар яриад “Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтдаг 800 эмийг багасгаад 400 болгочихлоо. Уудаг эм нь жагсаалтаас хасагдчихаар ард түмэн чинь уурлах юм биш үү. Бид ямар эрсдэл рүү орох гээд байна” гэж болгоомжилж хэлж байна шүү дээ. Тэгэхээр бид нэгэнт өөрчлөлт хийж буй бол зоригтой байх ёстой. Аливаа ажил эхнээсээ төгс, төгөлдөр байхгүй шүү дээ. Хамгийн чухал нь эхэлж буй нь чухал.  Жагсаалтыг сайжруулж, шинэчилж болно. Жагсаалт байнга шинэчлэгдэж байх ёстой. Нэг жагсаалт баталчхаад гурван жил өөрчлөхгүй байж болохгүй шүү дээ. Технологиуд, дараагийн үеийн шинэ эмүүд гарч байна. Тэр болгоныг оруулж байх ёстой. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гаргахад эмч нар бөөнөөрөө суугаад Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Мэдээж тэд ч энэ эрсдэлийг тооцож байгаа байх. Наймдугаар сарын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн. Тэгэхэд би зүйл, заалт бүрээр нь гишүүдэд тайлбарлаж өгсөн. Тайлбарлаад хэлэхээр ойлголттой болдог. Ойлголттой болбол хууль амархан батлагдана. Мэдлэгийн асар их зөрүүтэй салбар шүү дээ. Тэгэхээр эмч хүний хувиар эд нартаа асуудлыг энгийн хэлээр зөв тайлбарлаж өгч байгаа юм. Ер нь ингэж л ярьж явах нь зөв юм байна. Нэг ширээн дээр хамт сууж ярьж, ойлгуулах нь их зөв юм байна гэж бодоод байгаа. Түүнээс эмнэлгээс “Ингэдэг, тэгдэг шүү дээ” гээд ярихаар хүрч чаддаггүй юм байна. Ийм л давуу тал байна.

-Ер нь яагаад 800 эмийг 400 болгож багасгаж байгаа юм бэ?

-Шаардлагагүй эмүүд их байсан. Би нэг зүйлд их итгэлтэй байна. Өмнөх эмийн жагсаалтыг аль нэг эмийн компанид зориулж хийсэн. Их лобби орсон. Тэгсэн мөртлөө хүнд хэрэгцээ, шаардлагагүй эм их байсан. Нэр давхацсан эм бас их байгаа юм. Жишээлбэл аспирины нэр өөрчлөгдөөд л арваараа орчихож байна. Ингээд хасчихлаар дор нь цөөрчхөж байгаа юм. Ер нь санаатай, санамсаргүйгээр хэрэгцээтэй эмийг хасчихаж болно шүү дээ. Санаатай гэж хэллээ шүү би. Магадгүй бидний ажлыг харлуулах гэж байж болно шүү дээ. Тэгэхээр тэр эмийг нь дараа нь нэмж болно. Хамгийн гол нь зөв, хэн нэгэн ашиг сонирхлоо оруулж ердөө болохгүй юм. Би арваннэгдүгээр сард эмийн сангуудаар явж үзнэ. Хүмүүс эмээ авч чадаж байна уу, эм нь байна уу үгүй гэдгийг харна. Бид хэрэгжилтээ хянана. Болохгүйг нь дахин хэлнэ.

-ЭМНЭЛГЭЭС БИШ ЯГ ДЭРГЭДЭЭС НЬ ХЭЛЭХЭЭР ГИШҮҮД ОЙЛГОЖ ТЭР ХЭРЭЭР ХУУЛЬ БАТЛАГДАХАД ДӨХӨМ БОЛЖ БАЙНА-

-УИХ-ын гишүүнийхээ ажлын хажуугаар эмнэлэгтээ хагалгаа хийж байгаа гэх мэдээлэл байсан. Эмнэлэгтээ давхар ажиллаж байна уу та?

-Хавдар судлалын үндэсний төвтэй хөдөлмөрийн гэрээтэй. УИХ-ын гишүүн нь багшлах, эрдэм шинжилгээний ажил хийж болно гэж УИХ-ын гишүүний хуулинд заасан байдаг. Энэ дагуу зөвлөх багшаар ажилладаг. Зарим нэг хэцүү, төвөгтэй тохиолдолд дуудахад “үгүй” гэж хэлж чадахгүй байна. Очиж зааж, зөвлөж байна. Тэр нь олон тохиолдох биш дээ.

-УИХ-ын гишүүн нь эмчээр ажиллахаас юугаараа ялгаатай байна. Илүү төвөгтэй байна уу?

-Эрүүл мэндийн салбарын маш олон хууль, эрх зүйн бичиг баримтыг шинэчилж, цэгцлэх шаардлага бий. Бага, багаар янзлаад явж байна. Өөрөө ч их урам зоригтой дурлаж, шунаж ажиллаж байна. Санхүүжилтийг сайжруулсан, эмийн асуудлыг цэгцэлсэн. Агентлаг нь яг зөвөөр ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хуульчилж, эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг шинэчлэх хэрэгтэй байна. Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлын тухай асуудал мөн байна. Энэ мэт манай салбарт шийдэх асуудал их бий. Энэ дөрвөн жилд дээрх бүгдийн ард гарчих юмсан л гэж мөрөөдөж байна. Санхүүжилтийн тогтолцоо маш их асуудлыг шийдсэн. Эмнэлэг удирдаж байсан хүний хувьд эмнэлгийн зовлон, ажилчдад тулгамддаг асуудлыг мэднэ. Тэгэхэр энэх бүхнийг шийдэж чадах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадсанд их баяртай байгаа.

-Ярилцсанд баярлалаа.