Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Гёте” дунд сургуульд сурдаг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн баримт ил болж, сайдын суудлаасаа огцрох дээрээ тулсан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр энэ сарын 29-ний өдөр “Монголросцветмет” ТӨҮГ-ын дансанд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрт авсан 10 сая 700 мянган төгрөгийг буцаан шилжүүлжээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон өмнө нь "Би хувь хүнийхээ үүднээс болохгүй зүйл хийгээгүй. Энэ бол бүх хүнд нээлттэй байсан мэдээлэл. “Монголросцветмет” ТӨҮГ нь 2019 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ганц би биш, олон ажилтан урамшуулал авдаг гэж ойлгодог. Журамд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт байсан. Тухайн үед Бор-Өндөрийн ажилчид орон сууцаа хувьчилж авч байсан. Миний хувьд сургалтын төлбөрөөс өөр урамшуулал байхгүй. Мөн эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах мөнгөн урамшуулал байсан” гэсэн тайлбар хийсэн билээ.
Тэрбээр 2018 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан, 2020 оны долдугаар сарын 8-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон юм.