Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилчид түрээсийн орон сууцад хамрагдахаар боллоо. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх боломжтой түрээсийн орон сууцны батламжийг Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар өнөөдөр үйлдвэрийн ажилчдад гардуулсан юм. Батламж гардуулах үеэр тэрбээр, “Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулах гол ажлыг үйлдвэрийн шугам дээр ажиллаж байгаа та бүхэн хийж гүйцэтгэсэн. Энэ бол та бүхний гавьяа. Тиймээс компанийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд эхний ээлжидн түрээслээд өмчлөх боломжтой түрээсийн орон сууцны батламжийг гардуулж байна. Цаашид ч энэ хөтөлбөр хэрэгжээд явна. Компанийн зүгээс ч ажилчдаа орон сууцжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллана” гэлээ.
Батламжийг үйлдвэрийн шугамын ажилтан, засварчин, ээлжийн ахлах зэрэг таван хүнд гардуулан өгсөн юм.