БОАЖЯ-аас Богд ууланд алхах монгол иргэнээс 300, гадаад иргэнээс 3 мянган төгрөгийн хураамж авдаг болжээ

БОАЖЯ-аас Богд ууланд алхах монгол иргэнээс 300, гадаад иргэнээс 3 мянган төгрөгийн хураамж авдаг болжээ

Нийслэлчүүдийн амралтын өдрүүдээр түгжрэл, утаа, дуу чимээнээс “дайжин” зорьдог газар бол Богдхан уул. Зун, өвөл, намар, хавар ялгалгүй хүүхэд, залуус, хөгшин, нярай гэлтгүй амралтын өдрүүдэд энэ газарт хүн хөл ихтэй өнгөрдөг.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ч гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, клуб, байгууллагаараа яваа иргэдийн цуваа Богдхан уулаар тасарсангүй. Гэтэл Баруун Ширээт буюу иргэдийн хамгийн их явдаг замын эхэнд багагүй оочир үүсчихсэн байв. Урд байсан залуу “задгай мөнгө байна уу” гэсээр эхнэр рүүгээ алхлаа.  Юу болж байгааг нь гайхсаар очтол “Төрийн хяналт” гэсэн тэмдэг бүхий хувцастай хүн уул руу гарах гэж буй хүн бүрт билет өгч байв. 

Том хүн 300, гадаад иргэн 3000 төгрөг төлснөөр уул руу нэвтрэх эрхтэй болох гэнэ. Өгсөн билет дээр нь “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх нэг удаагийн тасалбар” гэж бичжээ. Хаанаас өгч байгаа билет вэ гэхэд “Байгаль орчин аялал жуулчлалын яам” гэв.

Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн байдаг. Төр 300 төгрөгөөр уулаа “хамгаалж” буй нь энэ бололтой.  Гэтэл иргэдээс хураасан энэ 300 төгрөг яг юунд зарцуулагдах вэ? Богдхан уул руу гарахад хамгийн тулгамддаг асуудал болох боловсон жорлон, хогийн савны асуудал. Харин энэ 300 төгрөг тэдгээр асуудлыг шийдэхэд зарцуулагдах, бүр хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй. Урьд нь бид Богдхан уул руу гарахдаа ус, хоолтойгоо явдаг байсан бол одооноос эхлэн задгай мөнгө биедээ авч явах шаардлагатай болох нь ээ.