АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд маргааш болох сонгуулийн үеэр иргэдийн саналд нөлөөлөхийг оролдох, сонгуулийн үеэр хууль бус үйлдэл хийхийг завдаж буй нам, нэр дэвшигчдийн мэдээллийг нээлттэйгээр үнэлж, авна гэж мэдэгдлээ.
Энэ талаар АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Өнгөрсөн хэд хоногт сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл их гарлаа. Харамсалтай нь эрх баригчид үүнд дорвитой арга хэмжээ авч чадсангүй. МАН-ын гишүүд бүлэг хүмүүстэй сонгуулийн саналд нөлөөлөх талаар ярилцсаныг залилангийн хэрэг гэж тооцсон, нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байсан хэргийг ч дуугүй өнгөрүүллээ.
Сонгуулийн үеэр сонгогчдын саналыг хууль бусаар худалдан авахыг завдах, нас барсан иргэний өмнөөс санал өгөх, бичиг баримтын зөрчилтэй иргэд санал өгөх гэх мэт хууль зөрчсөн үйлдэл гардаг. Үүнийг ард иргэд өөрсдөө анхаарахгүй бол эрх бүхий байгууллагууд анхаарахгүй байна. Иймээс Ардчилсан нам сонгогчдын сонгох эрхэнд халдаж буй, сонгуулийн саналд нөлөөлөхийг оролдож буй баримт нотолгоотой мэдээллийг ард түмнээсээ хоёр дахин их мөнгөөр худалдан авах 100 сая төгрөгийн сан байгуулахаа мэдэгдэж байна. Мэдээлэл нь үнэн зөв баримт нотолгоотой, хууль бус үйлдлийг нотолж чадахуйц байвал бид иргэдээс нээлттэй худалдан авах болно. Энэ хэдийгээр сонгуулийн байгууллагуудын анхаарах ёстой асуудал ч тэд ажлаа хийхгүй байгаа тул бид оронд нь хийхээс өөр аргагүй боллоо” гэв.