Өчигдөр /2020.10.12/ АН, МАХН-ын төлөөлөгчид, МАН-аас НИТХ-ийн хуралд нэр дэвшиж буй Б.Сэнжидмаа, Г.Гангамөрөн нарыг үл мэдэгдэх хүнтэй сонгуулийн санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлөхийг оролдож буй аудиог сонсгож, мэдээлэл хийсэн. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос үүсээд байгаа эргэлзээг тайлах зорилгоор тал бүрийн оролцоог хангасан туршилтын сонгуулийг явуулахаар болсон талаар мэдээллээ.
СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй, өчигдрийн бичлэгийн тухайд залилангийн шинжтэй байх магадлалтай. Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг хянаж, бүртгэсэн бөгөөд бүгд хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд тараагдаад байгаа 900 орчим санал тоолох машинаас ирсэн нам, эвслийн төлөөлөл сонгож, шалгана” гэв.
Түүнлчэн ТЕГ-ын мэргэжилтэн Б.Давааням "Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал мэдэгдэнэ. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүн халддаг юм биш. Серверийг 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох гарах эрх нь хязгаарлалттай. Обьектийг төрийн тусгай хамгаалалт хариуцдаг. Хоёр л хүн орох эрхтэй. Гэтэл сервер нь гадаадад байдаг гэж худлаа ярьж байна. АНУ, Канад, Филиппин гээд маш олон улс яг энэ машиныг ашигладаг. Харин энэ төрлийн төхөөрөмжийг ашигладаг 40-50 улс бий" гэлээ.