2020 оны аравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө 03:58 цагт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст “Цагдаа дуудаад өгөөч дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух иргэн Ц-гийн гэрт үл таних залуус дайрч орон, биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний биет мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугатаасан байна.
Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу залгаж, улмаар 26 настай “Х” гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж, гэртээ нэвтрүүлсэн ба удалгүй гаднаас хаалга тогшиж, Х гэгч гарахаар хаалга онгойлгоход гаднаас үл таних хоёр эрэгтэй орж ирэн хохирогчийн биед халдаж эд зүйлсийг нь дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогджээ. Бүлэг этгээдүүдийн хоёр нь буюу 16 настай У, 26 настай Х нар эмэгтэй бол бусад нь эрэгтэй юм байна.
Улмаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, тус хэргийг “Х, М, Т, У, И, Т” нар бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, дайчлан баривчилжээ. Тус этгээдүүдийн гэрээс хэргийн газраас алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.
Урьдчилсан байдлаар тус этгээдүүд болох 16-26 насны “Т, И, М, Х, У” нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугатаах зэрэг хэрэг, үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Мөн 22 настай М гэгч нь энэ оны тавдугаар сард Баянгол, наймдугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, хуулийн дагуу яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж. Иймд дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.