ЭМГЭНЭЛ

Бидний хайртай хүү, бидний хайртай дүү, бидний дотны нөхөр Монголын рок поп урлагийн ертөнцийн чадварлаг хөтлөгч Нэргүйн Мөнхдандар үүрдийн мөнх  амгалангийн орон уруу өвчний улмаас цэл залуугаараа  биднийгээ орхин одлоо. Нэргүйн Мөнхдандар нь 1985 оны 04 сарын 02 ны өдөр Нэргүйн 5 дахь хүү болон мэндэлж СХД-ийн 90-р цэцэрлэгт найман сартайдаа орж 5 нас хүртлээ хүмүүжсэн юм. Тэрээр 1993 онд нийслэлийн 33-дугаар сургуульд элсэн орж улмаар Ерөнхий боловсролын “Онон” дунд сургуулийг 2003 онд онц дүнтэй суралцан төгссөн юм. Дунд сургуульд суралцах хугацаандаа  сурлага хөдөлмөр, урлаг спортын олон арван амжилтуудыг гаргаж дүүргийн математикийн олимпиадад амжилттай оролцож байсан сэргэлэн цовоо, идэвхи санаачлагатай сурагч байлаа. Түүний багын мөрөөдөл сэтгүүлч болох байсан юм. Дуртай зүйлдээ цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж чаддаг , тууштай дайчин түүний хувьд Радио телевизийн сургуульд урилгаар орсон цорын ганц оюутан байлаа.  2003 онд Радио телевизийн дээд сургуулийн Сэтгүүлч хөтлөгчийн ангид элсэн орохдээ тэрээр аль хэдийн 104 радио фм-ийн хөтлөгч хийж байсан туршлагатай, STV хэмээх телевизийн урлагийн том айлын гишүүн болж амжсан сүйхээтэй нэгэн байлаа. Фм 104 радиогоор “Реп мюзик” хөгжмийн цаг, STV телевизийн “free style” нэвтрүүлгийг үдэш бүр 22 цагаас нэгэн зэрэг шууд дамжуулан хүргэж телевиз болон фм радио хослуулсан авьяаслаг хөтлөгч гэдгээ харуулж байсан юм. Нэргүйн Мөнхдандар нь 2005 онд “S music” нэртэй монголын анхны хөгжмийн дагнасан суваг байгуулагдахад ууган  хөтлөгчөөр нь ажиллаж энэ хамт олон дунд нэр хүндтэйгээр жинхэнэ уран бүтээлч болон бэлтгэгдэснээр  Монголын хөгжмийн урлаг сонирхогчдын хувьд нэр хүндээ тунхаглаж чадсан билээ. Тэрээр 2010 онд M-21 нэртэй хувийн студи үүсгэн байгуулж Боловсрол суваг телевизээр Мusic town хөгжмийн нэвтрүүлэг Сенсаци нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг байсан юм. Түүний санаачлан хийж байсан Сенсаци нэвтрүүлэг Монголын хэвлэл мэдээллийн салбарт цоо шинэ өнгө төрх байлаа. Шар хэвлэлээр нисдэг үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүдийг хамгийн анх удаа зөвхөн Дандар л зориг гарган очиж сенсацийн эздийг яриулдаг байсан нь үнэний дуу хоолой болох сэтгүүлчийнхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлж байсан  нь тэр юм. Монголын Соёл урлагийн академийн Алтан гэрэгэ хүндэт өргөмжлөл, МЗХ-ны Тэргүүний залуу алтан медалиар шагнуулж явлаа.   Нэргүйн Мөнхдандар 2011 онд     Нийгмийн       хөгжлийг дэмжигч Рояаль HD телевизийн тулгын чулууг тавилцаж өөрийн авьяас билэг,сэтгэл зүтгэл, мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж   Нэвтрүүлгийн албаны даргыг хийсэн шиг хийж олон чанартай  нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүлж байсан юм. Гэсэн ч Монголын рок поп хөгжмийн урлагийн мэдээ мэдээллийг Дандарын нэвтрүүлэггүйгээр төсөөлөхийн аргагүй байлаа.  Түүний хувьд SHOW BIZ энтертаймэнт нэвтрүүлгийг бэлтгэн 350 орчим цувралыг хөтлөн хүргэж монголын болон дэлхийн урлагийн  бүхий л мэдээллүүдийг  багтаахыг эрмэлзэн зүтгэдэг байв. Урилагагүй зочин, MY UB, Өдрийн шууд нэвтрүүлэг, Surprise, Happy sunday Дандартай хамт  гээд энэ олон нэвтрүүлгийг амжуулан хийдэг тийм л шаргуу хүн байсан юм. 2012 онд НАМЗХ-ны Монгол тандаа зүтгэе медаль, БСШУСЯ-ны хүндэт жуух бичгийг  гардан авсанаар МУСТА болох болзолоо хэдийн хангасан байсан юм. Тэрээр сэтгүүлчийнхээ хувьд хэвлэл мэдээллийн бүхий л салбарт ажиллах чадвартай нэгэн байсныг paparatsi.mn вэб сайтад ажиллаж байснаар дүгнэн хэлэхдээ  туйлын бахархалтай байна. Тэрээр 2019 оноос тус сайтын сэтгүүлч, редакторын алба хашдаг байв.

Манай Дандарын төрсөн өдөр 04 сарын 02 нд нижгэр болдог. Алгасалгүй зохион байгуулсан түүний баярт өдөрт жилээс жилд уригдах  хүмүүсийн тоо нэмэгдсээр байдаг нь нөхөрлөлдөө үнэнч, хэнийг ч ялгалгүй нэг л зангаараа ханддаг, хүн бүртэй найр тавин эелдэг харицдаг болохыг нь гэрчилдэг. Тэр маш зөөлөн сэтгэлтэй, уцаарлаж байхыг нь харсан хүн ховордоо үргэлж л зөөлөн дуугаар инээгээд л тайлбарлаж байхыг нь л мэднэ. Шинэ ажилтан, дадалгын оюутан орж ирэхэд чадах зүйлээ зааж сургаж гэж мэрийдэг байсан юм. Найз маань 2001 онд хип хоп хамтлагийн гишүүн байсныг тэр үеийн хип хопчид сайн мэднэ. Slide bricher хамтлагийн голлох гишүүн байж 2002, 2004  онуудад хамтлагийнхаа тоглолтыг амжилттай зохион байгуулж тухайн цаг үеийн фенүүдээ баярлуулж байсан удаатай. Түүний урлагт хайртай байсныг  жүжигчин Минотой хамтран дуулсан 247, ганцаараа дуулсан уран бүтээлийг нь сонсоход мэдэгддэг юм. Монголын рок поп урлагийн алдарт хөтлөгч байгаад зогсохгүй тайзнаа дуулж огшиж онгирч явсаныг нь хэлэх нь зүйтэй. Үргэлж өөрт нь санаа тавьдаг ганц хүүгийнхээ араас хөгшин буурал ээж нь харуусан хайлан сууна,  Дөрвөн эгч нь тулах багана болсон дүүгээ бурханаас нэхэн уйлж байна, ганц охин дүү нь уулзаж амжилгүй явуулсандаа гэмшин мэгшин дурсаж байна. Бид намс намс алхаатай намбалаг жижигхэн найзыгаа өрөвдөн хайрлан санаж байна. Уран бүтээлийн анд нөхөр төрсөн мэт дассан дүү нар нь үгүйлэн үгүйлэн итгэж өгөхгүй л сууна даа. Рок поп урлагийн анд найз ах эгч дүү нар нь ч энэ уйтай мэдээтэй эвлэрч ядан эмтэрч байна. Өвчин гэдэг шаналал өр зөөлөн тэрнийг минь тойролгүй дайраад гарсан ч эцсийн мөчөө хүртэл тэсвэр тэвчээр гарган сөхрөлгүй тэмцэж байсан юм шүү. Урлагийн хүний уянгалаг дэврүүн чанар эцсийн амьсгалаа татахад нь хүртэл  нүүрэнд тодорч байсан нь хичнээн их хатуужил вэ.

Хүү минь, дүү минь, Анд найз минь, Ах минь таныхаа гэгээн тунгалаг дүр төрх, тусч өрөвч зан, алиа хошин аашыг тань үүрд санан дурсаж явъя. Хөдөлмөрч дайчин хугарашгүй эр зоригыг тань мөнхөд үлгэрлэж явъя. Эх нутаг хөрст алтан дэлхийнхээ энхрий цээжинд эрхлэн нялхран мөнх нойрсдоо.