Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүмжилсэн "140 саяын өртөгтэй хаалга"-ыг сурвалжиллаа

Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүмжилсэн "140 саяын өртөгтэй хаалга"-ыг сурвалжиллаа

Өчигдөр /2020.10.01/ УИХ-ын намрын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах байтал, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг чухалчилж байна. Орхон аймагт шинээр барьж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг 140 сая төгрөгөөр хийсэн байна” хэмээн ярьсан нь нэлээдгүй анхаарал татлаа.

Чухам ямар “ид шидтэй” хаалга гэхээрээ бүхэл бүтэн хүүхдийн тоглоомын талбай, нэг эмнэлгийн машины зогсоолын үнэтэй байдаг юм бол гэж сонирхон, энэ талаар бид сурвалжиллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүмжилсэн 140 сая төгрөгийн өртөгтэй хаалга

-4,8 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ Ч 140 САЯАР ХААЛГА
ХИЙЛГЭДЭГ ОРОН-

Орхон аймагт шинээр баригдаж буй “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” нь Цагаанчулуут багийн 20 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамарсан спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн хэсгээс бүрдэх  байгууламж юм. "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн" цогцолборыг барих тендер 2015 онд анх зарлагдсан байдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь орон нутгийн төсөв, захиалагч нь Орхон аймгийн худалдан авах ажиллагааны алба. 2015 оноос нээлттэй тендер зарлаж,  өнгөрсөн онд шав тавих ёслол болсноор цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.

Тус цэцэрлэгт хүрээлэнд 2018 онд 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1,7 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн.  Харин өнгөрсөн онд улсын төсвөөс хоёр тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 1,9 тэрбум, орон нутгийн төсвөөс 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ингэснээр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 5,2 тэрбум, зүүн талд долоон тэрбум төгрөгийг зарцуулах талаар хэвлэлүүдэд бичжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэгч компаниар 26 компани ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдгээрээс чухам ямар компаниар 140 сая төгрөгийн хаалга хийлгэсэн нь тодорхойгүй байна.

-ИРГЭД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨСВИЙН АСУУДЛААР
ХЭД ХЭДЭН УДАА ГОМДОЛ ГАРГАСАН ГЭВ-

Өнгөрсөн есдүгээр сарын 19-ны өдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ажлын албанаас цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулагдаж буй мөнгөн дүн яг хийх ёстой ажилдаа зарцуулагдаж чадахгүй талаар мэдээлж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатрын бие төлөөлөгч С.Зоригтбаяр “Энэхүү бүтээн байгуулалт бол яах аргагүй магтууштай зүйл. Гэхдээ нэг компани гүйцэтгэгчээр ажлаа хүлээж аваад дундаас нь өөртөө улсын мөнгө угаах замаар 20-30 сая төгрөгийн ашиг гарган авч байна. Дараагийн компанид танагдсан төсвөөр тендерээр авсан ажлаа хийлгэж байгаа юм. Энэ нь гол асуудал болохоос гадна давхардсан төсвийн зарцуулалт ч байна. Хоёроос гурван компани дамнаж танагдсан төсвөөр хийсэн ажилдаа тэрбумаар тооцож хөрөнгө оруулж байгаа нь буруу” гэж мэдээлж, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-ийн төсвийг иргэдийн гомдлын дагуу аудитын газраар шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Гэтэл ард иргэдийн гомдол дарга нарын чихэнд хүрээгүй юу, эсвэл хүрсэн ч чихнийх нь хажуугаар өнгөрчхөв үү. 

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 21-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалттай танилцсан. Түүний өмнөх жил Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ч бүтээн байгуулалттай танилцаж магтан сайшааж байсан мэдээ хэвлэлүүдээр цацагдаж байсан юм. Гэвч эрхэм дарга нар цэцэрлэгт хүрээлэнгийн төсөвтэй танилцалгүй өнгөрсөн бололтой.