Эмнэлгийн ажилчид иргэдтэй эелдэг харилцсаныхаа төлөө урамшуулал авдаг болно

Эмнэлгийн ажилчид иргэдтэй эелдэг харилцсаныхаа төлөө урамшуулал авдаг болно

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2020 оны наймдугаар сарын 25-наас эхлэн “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү аяныг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/408 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн байна.

Уг аяны хүрээнд иргэдэд үйлчлэхдээ харилцаа, хандлагын зөрчилгүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн чин сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлж ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад сар бүр үндсэн цалингийн 10 хувийн урамшууллыг олгох юм байна.

Харин энэхүү шийдвэр нь нэг талаас эмнэлгийн ажилчдыг үйлчлүүлэгчидтэй түргэн шуурхай, эерэг харилцсаных нь төлөө мөнгөөр шагнаж буй нэг хэлбэр ажээ. Угтаа эмч хүн, эмнэлгийн ажилчдын тангараг, үндсэн үүрэгт нь хэнийг ч ялгалгүй, түргэн шуурхай, ёс зүйтэй ажиллана гэж заасан байдаг. Гэтэл зөвхөн үндсэн үүргээ биелүүлж, бусадтай эерэг зөв харилцсаныхаа төлөө урамшуулал авч байгаа энэхүү явдалд зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна.