Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цар тахал дэгдсэнээс хойш манай улс авто болон агаарын замаар нийт 22,973 иргэнээ эх оронд нь авчирчээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Агаарын замаар буюу 82 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадын 81 орноос 16,483 иргэн, авто замаар 6,535 иргэн тус тус иржээ. БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан цөөн тооны иргэнийг өчигдөр/2020.09.29/ Замын-Үүдийн боомтоор эх оронд нь нэвтрүүлсэн. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлт гаргаж буй иргэдийн тоо харьцангуй өндөр мэт байгаа боловч сүүлийн үед иргэд хүсэлтээ цуцалж байна.
Өчигдөр Замын-Үүд боомтоор 130 гаруй иргэн орж ирэхээр тооцоолж байсан ч ердөө 30-хан хүн ирсэн. Маргааш ирэх Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоц гэхэд л 10 гаруй суудал хоосон ирж байна. Тиймээс ирэх сард үйлдэгдэх транзит нислэгээр ирэх хүмүүсийн тоог харгалзаж дахин Сиэтл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх эсэхийг шийднэ” гэлээ.
УОК Аравдугаар сард нийт 11 тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авчрахаар төлөвлөөд буй. 11 нислэгийн долоо нь Сөүл-Улаанбаатарын чиглэлд нисэх аж.