Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хөдөлмөр, зүтгэлээрээ манлайлсан хүмүүст өнөөдөр /2019.07.08/ төрийн дээд шагнал гардууллаа.
Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар Монгол Улсын төрийн дээд цол Хөдөлмөрийн баатар хүртлээ.
Н.ЖАНЦАННОРОВ: ХҮНДЭЭ ЭХ ОРОН, ЭХ ОРОНДОО ХҮН НЬ ҮНЭТЭЙ
Энэ үеэр Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай сэтгэгдлээ илэрхийлж “Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их чухал үүрэгтэй Үндэсний их баяр наадмын өмнөхөн Ерөнхийлөгчийн нэг зарлигаар гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт төрийн дээд цол Хөдөлмөрийн баатарыг гардууллаа.
Бид төрийнхөө их хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэж баталгаажуулж байна. Төрийн шагнал нь тухайн хувь хүний овог нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм. Бүтээл туурвилаа түмэн олондоо хүргэж байхыг сануулж байна. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авъяас чадвараараа бахархан өнгөрүүлэх цаг ирлээ. Ийм цаг үед бид, биенээ маш сайн ойлгож эх орноо тусгаар байлгаж үр хойчдоо үлдээх ёстой. Чадах бүхнээрээ зүтгэх болно.
Миний хувьд Монголын Үндэсний соёл урлагийн төлөө хичээн зүтгэх болно. Би өчигдөр шагнал авахаа сонсоод татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд суусан, энэ төрд төлөх өр дуусаагүй л юм байна даа гэж хүүхэддээ хэлсэн. Бид энэ оронд маш их өртэй. Энэ өрөө дарахын тулд хүн бүр хичээн зүтгэх ёстой. Би хамгийн сүүлд Г.Батхүү агсны дурсгалд зориулж “Ах минь та” гэдэг дууны хөгжмийг хийлээ. Хаана хүн унаж, ургаж төлжсөн байна тэр нь өөрөө амийг нь холбодог. Хүндээ эх орон, эх орондоо хүн нь үнэтэй. Миний уран бүтээл 600-700 хүрч байгаа болов уу” гэж хэллээ.
Б.ШАРАВ: УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ШАГНАЛ БОДОЖ БҮТЭЭЛ ТУУРВИДАГГҮЙ
Харин хөгжмийн зохиолч Б. Шарав “Хоёргүй сэтгэлээр хөгжмийн урлагт зүтгэсэн үр шим миний гэр бүл болон надад ирж байна. Энэ ганц миний гавъяа биш юм. Энэ урлагт зүтгэж буй бүх хүмүүс болон
Монголын урлагийг үзэл баримтлалаа болгож ирсэн үнэлдэг, сонсдог хүмүүсийнх юм. Миний бүтээлийг сонсдог олон түмэндээ үргэлж дэмжиж ирсэн төр засгийн байгууллагууддаа баярлалаа. Цаашдаа хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт өргөж авч яваарай. Уран бүтээлч хүн шагнал бодож бүтээл туурвидаггүй” гэлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН