Б.Баттөр: Б.Ариунболорт өгөх байр 11-р сард ашиглалтад орох дээд зэрэглэлийн байр

Б.Баттөр: Б.Ариунболорт өгөх байр 11-р сард ашиглалтад орох дээд зэрэглэлийн байр

Өнгөрсөн сард "Ангууч" нэрээр залууст танигдсан Б.Баттөр өөрийн найз О.Мөнхжинтэй хамтран төрсөн өдрийн баяраараа хандивын үдэшлэг зохион байгуулж, есөн дүү болон найман сартай охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболор охиныг гурван өрөө байртай болгохоо зарласан мэдээ цахим ертөнцөд тархсан билээ.

Тодруулбал, долдугаар сарын 29-ний өдөр Б.Баттөр нь өөрийн төрсөн өдрөөрөө "Almighty" хэмээх сайн үйлсийн аян зохион байгуулж,  хандиваар цугларсан мөнгөөр Б.Ариунболор охиныг байртай болгоход зориулна хэмээн мэдэгдсэн.

Харин үүнээс хойш хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  Б.Ариунболор “Хандивын дансанд хэдэн төгрөг цугларсан болон бусад нарийн зүйлсийг би мэдэхгүй. Одоогоор зүгээр хандив өгнө гэж яригдаж байгаа болохоос би тэр өдөр Ангууч, Мөнхжин ах нараас хандивын мөнгө аваагүй гэдгийг хэлмээр байна” гэж хэлсэн юм. Мөн Б.Баттөрийг "хандивын мөнгө өгөөгүй байр авч өгнө гэсэн нь худал мэдээлэл"  гэх мэт мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Харин энэ талаар Б.Баттөр тайлбар өгсөн байна.

Тэрээр “Б.Ариунболор долдугаар сарын 12-нд бидэн дээр ирж, “хандивын аян явуулж байгаа, та бүхэн туслаад, өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид түүнтэй ярилцаж, данс нээсэн. Үүнээс өмнө Дука гэх эмэгтэй хандивын аян явуулж, 20 гаруй сая төгрөгийг цуглуулсан байсан. Би тэр мөнгөн дээр нь төрсөн өдрийн үйл ажиллагааны хандиваар цугларсан 21 сая төгрөгийг нэмээд байр авах талаар барилгын компанид ажилладаг Даавка гэдэг найзруугаа залгаж хэлсэн юм. Тэгээд Даавка захиралдаа хэлтэл н.Батбаатар захирал өөрийнхөө зүгээс 30 сая төгрөгийг өгч, үлдсэн зардлыг нь компаниас гаргаж өгөхөө амласан. Б.Ариунболорт өгөхөөр болсон байрны нэрлэсэн үнэ нь 140 сая. 11 сард ашиглалтад орно.

Би энэ долоо хоногт хэвлэлийн хурал зарлаж, албан ёсоор байрны хандивт цугларсан мөнгөний тайланг бичээд Б.Ариунболорт өгнө гэж бодож байсан. Гэтэл энэ хооронд маш олон худал мэдээлэл цацагдаж, намайг янз бүрээр хэлэх боллоо. Тэр байр бол маш сайн чанартай, дээд зэрэглэлийн хотхоных. Би өөрөө ч тийм байранд амьдардаггүй, байр түрээсэлж амьдардаг хүн.

Гэтэл “Мөрөөдөл” группийн Дука гэдэг хүн яагаад сөрөг зүйл ярьж, нийгэмд төөрөгдөл үүсгээд байгааг нь сайн ойлгохгүй байна. Би Б.Ариунболорт буруу өгөхгүй. Маш олон хандалт аваад эерэг, сөрөг сэтгэгдлүүд ирээд эхлэхээр төөрөлдсөн байх. Өнөөдөр 149 сая төгрөгийн байранд 60 сая төгрөг өгөөд орно гэж хаана ч байхгүй. Гэтэл бид нар туслаад өгье хичээж байна шүү дээ” гэжээ.