ФОТО: Дарга цаг барьдаггүй, иргэд хүлцэнгүй болсны нэг жишээ Дарь-Эхийн авто зам

ФОТО: Дарга цаг барьдаггүй, иргэд хүлцэнгүй болсны нэг жишээ Дарь-Эхийн авто зам

Нийслэлийн хойд бүс буюу иргэдийн зуны улиралд хамгийн их зорчдог хотын лагерийг “Долоон буудал, Дарь-Эхийн авто замууд холбодог. Товчхондоо хоёрхон авто зам иргэдийг нийслэлийн хойд хэсэгтэй холбодог гэсэн үг. Тэгвэл, авто замын ачаалал ихтэй энэ үед Дарь-Эхийн авто замын тодорхой хэсэг буюу Сансрын колонкоос Дарь-Эх рүү салдаг авто зам хаагдаад сар орчмын хугацаа өнгөрч байна. 

-ЭНЭ САРЫН 10-НД ДУУСАХ ЁСТОЙ БАЙСАН ДАРЬ-ЭХИЙН АВТО ЗАМ 50 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА-

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороонд хамрагдах,  "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км авто замыг шинэчлэх ажил 7 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэх тул, 8 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаана гэж Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлсэн юм.

Тус албан мэдээлэл ёсоор тус авто зам энэ сарын 10-ны өдөр ашиглалтад орж,  авто замын хөдөлгөөн хэвийн болох байсан ч тэгсэнгүй. Хичээлийн шинэ жил эхэлж, хэн хүнгүй бужигнаж байгаа энэ цагт тус авто замын ажил зуун задгай байна.

Энэ замын гүйцэтгэгчээр “Зэст хөлөг” ХХК ажиллаж байгаа ажээ. Зарим эх сурвалжийн мэдээлэлд тус авто замын ажил хугацаандаа амжихгүй болсон нь “хөрс солих шаардлага үүссэн” гэх мэдээлэл байна. Хачирхалтай авто замын ажил бол урьдчилж сайтар бэлтгэсэн зураг, төлөвлөгөөний дагуу явдаг байлтай. Нөгөөтэй, манай төрийн дарга нар хэзээнээс “Цаг барьдаггүй, төрийн ажил төлөвлөгөөт хугацаандаа дуусдаггүй”, энэ байдалтай иргэд нь ч эвлэрчихсэн, хүлцэнгүй болчихсон гэж хэлж болно. Энэ байдал Нийслэлийн Дарь-Эхийн авто зам дээр нэг жишээ болж байна.