Цар тахлын улмаас эх орондоо харьж чадахгүй байгаа элэг нэгт Монголчууддаа туслахаар сэтгэл шулуудсан залуу бол Самбуугийн Мөнхмөр. Хүнд байдалд орсон Монголчуудынхаа талаар сонсоод тэрээр зүгээр суусангүй. Харин өөрийн эзэмшлийн байраа гадаадад гацсан орон байрны асуудалтай иргэдийг байрлуулах түр байр болгон өөрчлөх ажилд ханцуй шамлан оржээ. Засварын ажил өчигдөрхөн дууссан бөгөөд бид түүнтэй холбогдон энэ талаар ярилцлаа.
-БАЙШИНГАА ЗАСВАРЛАХ ХУГАЦААНД ШАНТРАХ БЭРХШЭЭЛ ГАРААГҮЙ-
-Хүнд хэцүү нөхцөлд гадаадад гацсан олон Монгол иргэнд та хүч чадал, итгэл найдвар бэлэглэж байна. АНУ-д биш өөр оронд гацсан иргэд ч таны талаар сонсоод баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Хэн хүнд цар тахлын үеэр хуучин байшингаа засварлаад, Монголчууддаа тусалъя гэсэн санаа, зориг төрөхгүй байсан байх. Анх яагаад энэ шийдвэрийг гаргах болов?
-Манайд нэг оюутан байрладаг байсан юм. Нутаг буцах гэтэл УОК-ын таван шаардлагыг хангаагүй учир энд гацсан байсан юм л даа. Нэгэнт буцаж чадахгүй учраас манайд амьдрангаа барилга дээр ажиллаж, түрээсээ төлдөг байсан юм. Гэтэл сарын дараа “Ахаа би түрээсээ төлж чадахгүй боллоо” гэдэг юм байна. Гайхаад “Ажлаа яасан юм бэ” гэж асуутал “Сургууль онлайнаар заавал хичээлдээ суу. Үгүй бол виз цуцална гэсэн. Аргаа бараад ажлаасаа гарсан” гэлээ. Тэгэхээр нь “Заавал түрээс төлөх гээд яах вэ. Хичээлдээ суу. Амралтын өдрөөр надтай ажил хий” гэсэн. Нөгөөх маань ч зөвшөөрсөн юм. Үүнээс яг нэг сарын дараа Польш улсад нэг оюутан гэрээслэл бичээд амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.
Тэгээд би “Ийм хэцүү байдалд хэчнээн хүн байгаа бол” гэж бодоод “USA-д гацсан Монгол иргэд” гэсэн фейсбүүкийн бүлгэмээс судалж үзтэл аав ээжийнх нь бизнесс цар тахлын үеийн хөл хорионы улмаас хүнд байдалд орж, санхүүгийн асуудалтай байгаа, эмчилгээ хийлгэсэн, өндөр настай, бага насны хүүхэдтэй гээд маш олон хүн эх орон руугаа очиж чадахгүй байгааг мэдсэн. Тэгээд л байрандаа засвар хийх санаа төрсөн юм.
-АНУ-д гацсан оюутнуудад нээлттэй байр гэж байсан. Оюутан биш байсан ч тань руу хандах боломжтой юу?
-УОК-оос нутаг буцах хүсэлтээ гаргаж, нислэгт нэр нь сонгогдох шаардлагын хамгийн сүүлд оюутан, залуус байгаа болохоор “оюутан” гэж заасан юм. Мэдээж орон байрны асуудалтай, байрлах газаргүй иргэд хандвал үгүй гэж хэлэхгүй хүлээгээд л авна.
-Түр байрлах байр Сиэтлийн яг хаана вэ?
-Байр маань Сиэтл хотын урд хэсгийн дагуул хот болох KENT хотод бий. Шууд чартер нислэг "SEATAC international airport"-оос явдаг. Тэр буудлаас машинаар бол 12 минутын газар буюу 11.7 милл зайтай бадаг. Машинаар бол их ойрхон болохоор дараа дараагийн чартер нислэгийн Монголчууддаа цайлж, хооллох төв, гал тогоо нь байх юм.
-Түр байрлах байрыг нэг сарын хугацаанд засаж дууссан байна шүү дээ. Энэ хугацаанд янз бүрийн бэрхшээлүүд цөөнгүй л гарсан байх. Бэрхшээл учрахад шантраад болъё доо гэж бодож байсан удаа бий юу?
-Байшин 1983 онд баригдсан. Нэг сарын хугацаанд хэтэрхий шахуу төлөвлөгөө л байсан болохоос шантрах гэх мэт янз бүрийн бэрхшээл гараагүй ээ. Учир нь энэ ажил бидэнд маш их урам зориг, хүч өгч байсан юм. Бидний зорилгыг дуулсан Болгар, Кени, Мексик компанийн ажилчид адилхан л хүний газарт байгаа зовлон нэгтэй хүмүүс тул их хурдан шуурхай хийж гүйцэтгэсэн. Тэдэнд үнэхээр талархаад баршгүй. Мөн өөрийн найз нөхөд, өөрийн биеэр ирж тусалсан Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Энэ ганц хүний хийж буй ажил огт биш.
-Та “Би маш олон зээлтэй” гэж хэлсэн байсан. Санхүүгийн асуудлаа яаж шийдэж байна?
-Цар тахлын улмаас маш олон жижиг, дунд бизнесүүд хүнд байдалд орж, үүдээ хаахаас өөр аргагүйд хүрсэн тул АНУ-ын Конгресс болон Холбооны Засгийн газраас “Cares Act” хэмээх хууль баталсан. Ингэснээр хувь хүн болон бизнесийн байгууллагууд зээлээ хойшлуулах, мөн ипотекийн зээлтэй иргэдийн лизингийн төлбөрийг 12 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломж олгож байгаа юм. Энэ хууль батлагдсанаар ажлаа алдсан иргэд болон гэртээ тусгаарлалтад орсон иргэдэд маш их нэмэр болсон. Харин надад аав, ээжийнхээ гэрт ямар ч төлбөр тооцоонд санаа зоволгүйгээр амьдарч байсан оюутан цагийг маань санагдуулсан юм.
Тиймээс тэр мэдрэмжээ хүний газарт, хэцүү байдалд байгаа нутаг нэгтнүүддээ мэдрүүлэх юмсан гэж зорилго тээн хамгийн их мөнгө зарцуулагддаг байрны асуудлыг нь шийдэхэд нь тусалъя гэж бодсон.
-ХҮМҮҮСИЙН ХЭЛСЭН УРМЫН ҮГЭЭР УРАГШЛАХ ЭРХ ХҮЧЭЭ АВЧ БАЙНА-
-Эхний ээлжийн хүмүүсээ хүлээн авсан гэж байсан.Одоогоор хэдэн хүн байрлаж байгаа вэ?
-Одоогоор гурван настай хүүхэдтэй нэг бүсгүй, бас нэг оюутан байна. Мэдээ бас лайв үзсэн хүмүүс ч их хандаж эхэлсэн.
-Танд туслахыг хүссэн олон хүн байсан. Бодит тусламж үзүүлж чадаж байна уу?
-Сэтгэлийн дэм бол хамгийн том тус юм байна лээ. Хүмүүсийн хэлсэн урмын үгээр урагшлах эрч хүч авч байна. Мэдээж хүмүүс өөрийн биеэр ирж туслан, эсвэл ажиллаж байхад хоол, хүнс бариад ирж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байсан. Тэр бүх хүнд талархаад баршгүй. Байшин дотроосоо вирусийн халдвар авах вий гэсэн айдас байсан юм. Тэгээд энэ асуудлыг яаж шийдэх вэ гээд хайж үзтэл “UV light” /хэт ягаан туяагаар вирус устгадаг гэрэл /гээд гэрэл байдгийг олж мэдсэн. Энэ гэрлийг Сиэтлийн Монгол Хүүхэд залуучуудын төв ТББ-ын Захирал н.Цацрал эгч маань хамт олонтойгоо ярилцаж байгаад хандивласан. Одоо байшингийн халаалтын системээр вирус тархах вий гэсэн айдасгүй болсон.
-АНУ-д ямар байдалтай байна. Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах зэрэг хандлага мэдрэгдэж байна уу.
-Коронавирус Хятадаас гарснаас болж тийм хандлага үүссэн. Хүмүүс өөрийгөө хамгаалахын тулд буу, сум худалдаж авах нь ихэссэн. Гэтэл George Floyd-ийн үхлээс үүдэлтэй тэмцэл болж, эмх замбараагүй байдал үүсэхэд, дахин буу, сумны хэрэгцээ ихэссэн. Саяхан мэдээгээр буу худалдан авч болж байгаа ч сум олдохгүй байна гэж гарч байсан.
-АНУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Таны хувьд өөрийгөө яаж хамгаалж байна. Сиэтлд байдал хэр байна?
-Энд халдвараас үүдэлтэй "гэнэтийн худалдан авалт"/panic buy/ болоогүй. Тийм болохоор хүнсний нөөцөнд санаа зовох шаардлага гараагүй юм. Миний хувьд онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахаа больсон. Мөн байнга гараа ариутгаж, өглөө бүр ажил дээрээ халуунаа үзэж байгаа. Мөн харшилтай ч гэсэн тухайн өдөр хэн нэгэн ханиагаад байвал гэр рүү нь явуулж байгаа. Энд олон нийтийн газар болон бизнесийн байгууллагууд амны хаалтгүй хүн оруулсан, аль эсвэл ажилчдаа амны хаалт зүүлгээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах журам гаргаж байгаа.
-Одоо танай байранд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл юу байна вэ?
-Хамгийн бага зайд, их хүн багтаах байдлаар тооцоо гаргасан юм. Хэрэгцээтэй агаар ариутгагчийг н.Цацрал эгч аваад өгчихсөн, хэд хэдэн хүн хүүхдийнхээ хоёр давхар ор, ширээгээ хандивласан. Хэрэгцээтэй байгаа зүйлсээ хамгийн хямдаар бодож жагсаалтыг нь гаргачихсан байгаа.
-Гадаадад гацсан Монгол иргэдтэйгээ хамт хамт байгаа болохоор жаргал зовлонг нь сайн ойлгож байгаа байх. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?
-Холбооны Засгийн газрын санхүүжүүлэгч буюу Гэрлийн Хурд /Operation Warp Speed/-ын төслөөр нийт зургаан вакцин гурав дахь шатны туршилтаар шалгарсан байна. Хамгийн эхнийх нь энэ оны сүүлээр гарна гэж найдаж байна. Тиймээс амьдарч буй хотдоо бие биендээ тусалж, энэ тахлыг эсэн мэнд давцгаая гэж хэлье.