Б.Цэрэнням: Гурван ихэр хүүтэй болсноо анх сонсоод шууд л уйлчихсан

Б.Цэрэнням: Гурван ихэр хүүтэй болсноо анх сонсоод шууд л уйлчихсан

2020 оны тавдугаар сарын 8. Т.Лхагвацэрэнгийн гэр бүлд гурван ихэр хүү мэндэлжээ. Ихэр хүүхэдтэй болно хүн бүхэнд заяагаад байдаггүй аз тохиол, бас баяр баясал. Гэтэл гурвын гурван хүү мэндэлнэ гэдэг бурхнаас өгсөн маш том бэлэг,  ховор аз завшаан гэлтэй. Бид энэ удаад гурван ихэр хүүгийн ээж Б.Цэрэннямтай ярилцлаа. Тэрээр гурван ихэр хүүгээ "кисар" хагалгаа хийлгэлгүйгээр өөрөөрөө төрүүлжээ.

-ӨӨРӨӨРӨӨ ТӨРЖ БОЛНО ГЭДГИЙГ СОНСООД МАШ ИХ БАЯРЛАСАН

-Юуны өмнө танай гэр бүлд маш том баяр хүргэе. Нэг зэрэг гурван хүнээр бүл нэмнэ гэдэг маш онцгой тохиолдол, бас том баяр шүү дээ. Та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач.

-Баярлалаа. Намайг Батбаатарын Цэрэнням гэдэг. Харин нөхрийг маань Т.Лхагвацэрэн гэдэг. Нөхөр маань Стандарт хэмжил зүйн газарт ,харин би Нэгдүгээр эмнэлгийн хоолны тасагт ажилладаг байсан. Одоо жирэмсний амралтаа авчихсан байгаа. Нөхөр бид хоёр дөрвөн хүүгийн хамт амьдарч байна. Том хүү маань гурван настай.

-Гурван ихэр хүүтэй боллоо гэсэн мэдээг сонсоод хамгийн түрүүнд юу бодогдсон бэ. Яаж хүлээж авав?

-Жирэмсний хяналтад орохоос өмнөх анхны эхогоор мэдсэн. Зургаан сар долоон хоногтой байсан. Тэгэхэд нөхөртэйгээ хамт явж байсан юм. Эмч эхлээд төрөх хугацаа тодорхойлоод дараа нь “Ихэр хүү байна” гэж хэлсэн. Нөхөр маань бүр хол сууж байснаа эмчийг тэгж хэлэнгүүт шууд л гүйгээд ирсэн. Нэг хэсэгтээ шоконд ороод хэлэх үг олдохгүй байсан. Дараа нь эмч ихрийн удам бий юу гэж асууснаа “Хүүе ээ дахиад нэг ураг байна” гэж хэлээд дахин, дахин харсан. Тэгээд л эмч “Гурван ихэр байна” гэж хэлэхэд шууд нүднээс нулимс асгарчихсан. Айх, гайхах, баярлах зэрэгцээд хэсэгтээ юм хэлж чадахгүй, шоконд орчихдог юм байна лээ.

-Гэр бүлийн тань бусад гишүүд яаж хүлээж авсан бэ. 
-Тэгээд эмнэлгээс гараад шууд аав, ээж рүүгээ залгаж хэлсэн. Аав, ээж маань маш их баярласан. Их сайхнаар хүлээж авсан. Хүү маань бага балчир болохоор, гурван дүүтэй болсноо сайн мэдэхгүй байх шиг байна лээ. Гэхдээ дүүтэй болсноо мэдрээд ч тэр юм уу их томоотой байгаа. Хүүхдүүд дүүтэй болохоороо хямралд орох магадлалтай байдаг гэж уншиж байсан болохоор ахыг нь их анхаарч байгаа.

-Эмч ихрийн удамтай юу гэж асуусан гэлээ. Танайд ихрийн удам бий юу?

-Хоёр талын өвөө, эмээ маань ихэр дүү нартай.

-Жирэмсний үеийн хордлого хэр өгсөн бэ. Ихэр хүүхэд хордлого илүү өгдөг гэж дуулсан?

-Жирэмсэн байхдаа сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, биеэ маш сайн анхаарч чадвал жирэмсний үеийн хүндрэл нэг их гардаггүй юм шиг санагдсан. Жирэмсэн үеийн хордлого хүний биеийн онцлогоос хамаарч их, бага байдаг байх. Надад бол жирэмсний хордлого өмнөхөөсөө их байсан болохоор эмчээсээ асуутал ялгаруулж байгаа дааврын хэмжээ өмнөхөөсөө гурав дахин илүү болохоор аргагүй гэж байсан.

-Өөрөө төрсөн гэж сонслоо. Өөрөө төрнө гэхэд эмч нар яаж хүлээж авсан бэ?

-Хяналтын эмчийн зөвлөгөөг дагаад, цаг тухайд нь үзүүлээд байвал жирэмсний хүндрэл нэг их гардаггүй юм байна лээ. Эхэндээ хагалгаагаар төрнө гээд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Гэхдээ хагалгаагаар төрнө гэж бодохоор жаахан айдастай байсан л даа.  Харин төрөхөөс өмнөх сүүлийн сар эмч өөрөөрөө төрөх боломжтой гэхэд их баярласан.

-ГУРВАН ИХЭР ГЭДГИЙГ МЭДЭЭД АЖЛААСАА ГАРСАН-

-Хэр удаан өвдөж төрсөн бэ?

-Тавдугаар сарын 7-нд өвдөлт өгөөд Эх Нялхсын хүлээн авах руу очсон. Тэгээд шууд хэвтээд орой эмч үзсэний дараа ус хагалсан. Ус хагалснаас хойш 2-3 цагийн дараа төрсөн. Эх Нялхсын эмч нар үнэхээр чадварлаг хамт олон. Хяналтын эмч н.Идэрмөнх, н.Өлзийсүрэн, Төрөлт удирдсан н.Болормаа эмч, Дутуу тээлт судлалын тасгийн эмч, эх баригч нар болон Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нартаа гэр бүлийнхээ өмнөөс маш их баярлалаа гэж хэлье.

-Жирэмсний үед нэг хүүхэд тээх, гурван хүүхэд тээхийн ялгаа гарч байв уу?

-Жирэмсний эхний нэг сар ялгаа байхгүй юм шиг санагдсан. Харин сүүлийн хоёр сар гэдэс маш хурдан томорчихдог юм байна лээ. Нэмэлт витамин, уураг тасралтгүй ууж байсан. Бас аав ээж, нөхөр маань маш сайн халамжилж байсан болохоор нэг их хүндрэл гараагүй.

-Нэг зэрэг гурван хүүтэй болохоор илүү их арчилгаа, анхаарал шаардана шүү дээ. Хүндрэлтэй зүйлс гарч байна уу?

-Ихрүүд маань эхний нэг сарын хугацаанд дан хөхөөрөө хооллож байгаад нэг сар өнгөрөөд нэмэлтээр хооллож эхэлсэн.  Хааяа зэрэг уйлна. Тэгэхээр нь хүн хүч их хэрэгтэй болдог юм байна лээ. Зэрэг уйлна, зэрэг угжина, зэрэг хуурайлах гээд л нэг хүүхдийг бодвол ажиллагаа илүү шаардагдана. Гэхдээ аав, ээж маань хажууд байж маш сайн асарч байгаа болохоор хүндрэл ерөөсөө гарахгүй байгаа.

-Ихрүүд хэвийн жинтэй төрсөн үү?

Тийм ээ. Гэдэс нэлээн томорчихсон байсан шүү. Ихрүүд  маань 1 кг 700 гр, 2кг, 2кг 200 гр төрсөн.

-Хүүхдүүдээ төрүүлснийхээ дараа өөрөөрөө бахархах мэдрэмж төрсөн байх?

-Мэдээж хорвоо дэлхий дээр нэгэн шинэ хүнийг төрүүлж буй ээж болгон өөрөөрөө бахархаж, баяр баяслыг тэрхэн мөчид хамгийн ихээр мэдэрдэг байх. Тэр баяр баясал нь насан туршид хамт байж, аз жаргал бэлэглэнэ гэж бодохоор үнэхээр сайхан. Хүүхдүүдээ төрүүлсний дараа би ингээд хорвоо дээр дөрвөн хүүгийн ээж боллоо гэж бодохоор үнэхээр сайхан мэдрэмж төрж, уйлмаар санагдаж, бас өөрөөрөө бахархаж байсан. Ханиараа ч бас бахархсан.

-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд хамгийн сайхан аз жаргалыг хүсэн ерөөе.

-Маш их баярлалаа.