ФОТО: Ихэр охины онгоцонд мэндэлсэн түүх

ФОТО: Ихэр охины онгоцонд мэндэлсэн түүх

Өнгөрсөн сарын 9-нд Истанбулаас-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн явцад мэндэлсэн хоёр ихэр охин ээжийн хамтаар өнөөдөр /2020.08.13/ ХӨСҮТ-ийн 21 ХОНОГИЙН тусгаарлалтаас гарч дараагийн ажиглалт руу шилжиж байна. Тэднийг гэр бүл, МИАТ компанийн хамт олон угтаж, ХӨСҮТ-ийн эмч нар үдлээ.

Охид хугацаанаасаа өмнө буюу 7 сартай мэндэлсэн юм. Тэднийг ХӨСҮТ-ийн эмч нар болон онгоцонд явж байсан эмч, сувилагч нар сайн дураар баг бүрдүүлэн төрүүлсэн байдаг. Эхийн бие гэнэт өвдөн хүндэрч, ихэр охидын нэгнийх нь зүрх зогссон гэх мэт тухайн үед болсон үйл явдлын талаарх доорх албаныхан ингэж ярилаа. 

-Г.МӨНХ-ОЧИР: БИД БУЦААД БУУХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН -

Тухайн үед ямар үйл явдал болсон талаар Монгол улсын гавьяат нисгэгч Г.Мөнх-Очир "Хүүхэд онгоцонд мэндэлсэн хоёр дахь тохиолдол боллоо. Анхных нь 1966 онд Сангидорж даргатай, АН-24 монголчуудын хэлдгээр цагаан онгоцонд хүүхэд мэндэлсэн. Тэр хүн одоо 50 гаруй насны хүн байгаа. Тэр хүнийг Мөнгөнхүлэг гэдэг. 

Бид Истанбулаас-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан. Дүүрэн зорчигчтой хөөрсөн.. Өндөр авсны дараа Алтанхуяг, Цэрэнханд хоёр маань "Төрөх эх өвдөөд байна" гэж орж ирж хэлсэн.

Бид ярилцаад нислэгээ үргэлжлүүлэхээр шийдсэн. Учир нь буцаад буухад 25 тонноор илүү жинтэй байсан.  Нэг цаг гаруйн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад "Анхны охин мэндэллээ" гэдэг мэдээллийг өгсөн. Арав гаруй минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн мэдээ дуулгасан.  Хоёр охин маань их азтай. Эх баригч хоёр ч хүн, эмч, сувилагч гээд маш олон бүрэлдэхүүн явж таарсан. Тэд нар мундаг тусалсан. Тэгээгүй бол эрсдэл үүсэх маш хүнд нөхцөл замын туршид үүсч байсан. Баярлалаа та бүхэндээ. Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй буусан” хэмээлээ." гэлээ. 

-Ихэр охидын ээж Д.БОЛОРТУЯА: ОХИД МААНЬ ЕСӨН САРД ТӨРӨХ БАЙСАН-

Нислэг хүлээгээд онгоцонд суухаас хоёр хоногийн өмнө бие өвдсөн. Онгоцонд орсны дараа өвдөж эхэлсэн. Эмч нарын яриагаар бол реакц үзүүлсэн юм билээ. Охид маань 1,6 кг, 1.4 кг жинтэй төрсөн. Одоо төрсөн жингээсээ жаахан илүү болж байна. Дутуу төрсөн. Төрөх хугацаа бол есдүгээр сар гаргах байсан. Охидууддаа аав, эгч хоёр нь нэр хайрласан. Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг.

Онгоцонд төрөх болонгуут их сандарсан, хамгийн гол нь хоёр охиноо эрүүл байгаасай л гэж их хүссэн. МИАТ компанийн нисгэгч нартаа мөн хоёр охиныг маань эх барьж авсан эмч, сувилагч, онгоцны үйлчлэгч гээд маш олон хүн надад тусалсан. Бүгдэд нь маш их талархаж байгаагаа илэрхийлье.

-МИАТ ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТТӨР: ОХИД БОЛОН ЭЭЖИЛД НЬ НАСАН ТУРШДАА МИАТ-ААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НИСЭХ ЭРХИЙГ ОЛГОЖ БАЙНА-

Монгол Улсад дотоодын нислэгт өмнө нь эх төрж байсан. Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрсөн тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болж байгаа. Манай компани ихэр охиддоо болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна гэлээ.

-ХӨСҮТ-ИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАТСҮХ: БУУХААС ГУРВАН ЦАГИЙН ӨМНӨ НЯРАЙН ЗҮРХ ЗОГССОН-

Би халдвартын эмч, анх удаа тусгай үүргийн нислэгт явсан нь долдугаар сарын 9-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг байлаа. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлсэн. Тухайн үед онгоцны үйлчлэгч хүний бие муудлаа гэж дуудаад, очиход эхийн даралт өндөр 150/100-тай байсан. Охидын ээж долоон сар гаруйтай жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ хэлсэн. Даралт бууруулах эм өгөөд байж байтал удалгүй ус нь гарсан. Онгоцонд тусгай өрөө байхгүй тул хоол бэлддэг өрөөнд оруулж, хоол цай зөөдөг ширээн дээр хэвтүүлсэн. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт юм. Нислэгийн багт би ганцаараа эмч байсан тул зорчигчид дунд эмч хүн бий эсэхийг асуухад хүүхдийн эмч, Эх нялхсын сэхээний сувилагч, орон нутагт эмчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таарч, сайхан баг бүрдсэн.

Төрсний дараа эхийн даралт унасан, буухад гурван цаг дутуу байхад нярайн зүрх зогссон тул зүрхний массаж хийж, байнгын хүчилтөрөгчтэй явж байж ирсэн. Ганц, хоёр эмчид бол хүнд байх байсан. Харин олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байгаа.