Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Маргааш өдөр Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр их бороо орно.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ӨНӨӨДӨР
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, өдөртөө баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орно. Салхи 31, 1-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.