Гадаад харилцааны сайд Н.Энхтайван АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд М.Клечески Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар Монгол Улс, АНУ-ын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллах тухайд санал нэгдэв.
Элчин сайд М.Клечески Монгол Улс нь АНУ-ын Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн чухал түнш болохыг тэмдэглээд, эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал санаачлагын талаар танилцуулав.
Сайд Н.Энхтайван хамтын ажиллагааны саналд талархаж, Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд дэлхийн стандарт, шаардлагад нийцсэн экспортын чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавив.
Тэрбээр COVID-19 цар тахлаас шалтгаалж байгаа ч нөхцөл бүрдсэн үед төлөвлөсөн харилцан айлчлалуудыг хэрэгжүүлэхээр ажиллах, хоёр улсын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмыг өөр хэлбэрээр зохион байгуулахыг санал болгов. Мөн цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зохих анхаарал хандуулж, үргэлжлүүлэн тусалж дэмжихийг Элчин сайдаас хүсэв.