Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсрал, бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцлаа. Энэ үеэр зураг төсөл, барилга угсралт, шугам сүлжээний нийт 19 гүйцэтгэгч компанийн төлөөлөл тус тусын ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, үндсэн үйлдвэрийн Б блокийн эхний туршилтыг 10 дугаар сарын 1-ний өдөр, үүнээс 15 хоногийн дараа үндсэн үйлдвэрийн А блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн төмөр зам, хатуу хучиллтай зам, дэд станц, ажилчдын байр, хоолны газар зэрэг дэд бүтцийн ажлуудыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахаар ажиллаж байна.

Ажлын хэсгийн дарга М.Баярмагнай үйлдвэрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулах, ажлын орчин болон ажилчдын хөдөлмөр, аюулгүй байдалд анхаарал тавих, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг цаг алдалгүй хийж ажиллахыг албаны хүмүүст үүрэгдлээ.

Нийслэлийн зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт утаа, тоос, тортог гаргахгүй БНСУ-ын тоног төхөөрөмжийг суурьлуулж байна. Тус үйлдвэр жилд 600.000тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэснээр нийслэлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангах юм. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээг хангах болно.

Мөн нийслэлийн баруун бүсэд байрлах ”Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн засварын ажлын явцтай үргэлжлүүлэн танилцлаа. Засварын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өвлийн бэлтгэл ажлыг хангаж, бүрэн хүчин чадлаараа ажиллана. Үйлдвэрийн орчны тоосжилтыг  бууруулах зорилгоор бутлуур, шигшүүрийг битүү барилга байгууламжид байрлуулахаар ажиллаж байна. Даацын зам хийх ажил болон үйлдвэрийн гадна талбайг бүрэн бетонжуулах ажил хийгдэж байгаа бөгөөд гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна. Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хоёр шугам ажиллаж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшний нөөц 29.000тн байна.

2019-2020 онд 382 түгээлтийн цэгээр борлуулалтыг гүйцэтгэсэн бол ирэх өвөлд энэ тоо хэмжээг 1000-аас дээш байлгаж, иргэдэд илүү ойртуулахаар төлөвлөжээ.

Ажлын хэсэг долоо хоног бүр нийслэлийн зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилга угсралтын ажил, баруун бүсийн үйлдвэрийн засварын ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм.