УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр Сүнээ гэгч бүсгүй бусдын халдлаганд өртөж, сэхээнд байгаа тухай мэдээлэл цахим ертөнцөөр тархсан. Уг бүсгүйг улс төрийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой байсан хэмээн зарим эх сурвалж үзэж байсан юм.Тэгвэл тэрээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан гарсан бүх ташаа мэдээлэл, гүтгэлэгт тайлбар хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Миний бие хэдхэн хоногийн өмнө хагалгаанд орсон учраас биеэ тэнхрүүлэхийн тулд тодорхой хугацаа өнгөрлөө. Гэвч миний сэтгэлийн гүнд айдас, шаналал байгаа хэдий ч жилийн хугацаанд явсан маш олон эргэлзээтэй асуулт, гүжир гүтгэлэг, доромжлолд цэг тавихаар энэ бичлэгийг хийж байна. Намайг бүтэн жилийн хугацаанд маш ихээр доромжилж гүтгэлээ. Энэ бүх зүйл худал. Би өөрийнхөө амаар, биеэр хэлье. Энэ бүгд худал. Намайг “Хятад хүн”, “Төрийн өндөрлөгүүдтэй дотно харилцаатай байдаг” зэргээр өөрт маань төдийгүй гэр бүл, үр удам руу минь дайрч, давшилж байна. Миний төрийн өндөрлөгүүдтэй хамт авахуулсан олон зургийг ашиглаж тэдгээр хүмүүстэй дотно харилцаатай байдаг зэргээр гүтгэж байна. Би яагаад залуу, гоо үзэсгэлэнтэй байсныхаа төлөө, амжилттай байсныхаа төлөө гүтгүүлэх ёстой гэж. Сонгууль бүрээр нэг эмэгтэйг золиосонд гаргадаг. Үүнийг үгүй болгохын төлөө би хичээнэ” хэмээн ярьсан юм.