Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн асан, гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан ХБНГУ-ын “Гавьяаны их загалмай” одон хүртсэн анхны гадаад иргэн боллоо.
ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг өргөн тууз алтан од бүхий тус улсын “Гавьяаны их загалмай” одонгоор энэ сарын 16-нд шагнасан юм. Шагналыг ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ёорн Розенберг гардуулсан бөгөөд Монгол Улсад ардчилсан нийгмийг байгуулах үеэс хоёр орны харилцааг нягт үр өгөөжтэй хөгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж хэрэгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнасан байна. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат оролцож хүндэтгэл үзүүлэв.
Н.Жанцан ХБНГУ-ын төрийн дээд одонгоор шагнасанд талархал илэрхийлж хэлэхдээ, “ХБНГУ-ын хуульч, эрдэмтэн судлаачид Монгол Улсын эрх зүйн шинэчлэлд хамтран ажиллаж, түүнээс гадна монголын хуульчдыг бэлтгэх, давтан сургахад олон талаар ажилласан" гэдгийг онцлон тэмдэглэв. Ташрамд дурдахад, Н.Жанцанг тус одонгоор шагнах ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг дөрөвдүгээр сард гарсан ч шинэ коронавирусийн цар тахлын улмаас шагнал гардуулах ёслол хойшлоод байсан юм.