Монголын анхны "Мөсөн өргөө" ийнхүү Яармагт босч байна. 2019 оны хавар шаваа тавьж байсан өргөөг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж байна. Огторгуйн хийцтэй “Мөсөн өргөө” нь олон улсын стандартад нийцсэн, өвөл, зунгүй үйл ажиллагаагаа явуулах зориулалттай юм.
Ингэхдээ ашиглалтын 5700 м.кв талбайтай бөгөөд 2600 хүртэлх үзэгчдийн суудалтайгаар барьж байна.
Мөн Олон улсын Олимпийн хорооны стандарт хэмжээс /60 метр х 30 метр/ бүхий мөсөн гулгуурын талбайтай, тамирчид, шүүгчид болон олон нийтийн ая тухыг хангах фитнесс клуб, хувцас солих дөрвөн өрөө, кофе шоп, усан сан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай байхаар төлөвлөжээ.
Монголын хүйтний улирал урт учир өвлийн спортын хөгжих боломж ихтэй учраас "Мөсөн өргөө" төслийг санаачилсан аж.
Төслийг санаачлагч П.Цагаан үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын хөрөнгө оруулалтыг бий болгож Мөсөн өргөөний бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 70 хувьтай яваа талаар “Степпе Арена” компанийн ажилтан, Хяналтын инженер Т.Энхтайван хэлэв.
Тэрбээр “Энэ байгууламжид спортын ордноос гадна урлагийн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Мөсөн өргөө ашиглалтад орсноор өвлийн олимпод оролцох баг, тамирчдын тоо нэмэгдэх гэх мэт олон давуу талуудтай.
Мөсөн талбайг хийж гүйцэтгэх Австрийн мэргэжилтнүүд хийх хил хаалттай орж ирж чадахгүй байгаа. Мөсөн өргөөний мөсийг Олон улсын олимпийн хорооноос гаргасан мөсөн гулгуурт талбайн стандарт хэмжээстэд заасны дагуу хийнэ. Учир нь олимп, тивийн аварга, дэлхийн аваргын тэмцээнийг нэг стандарт талбай дээр явуулах ёстой байдаг. Байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд долоон компанийн 150 гаруй техник мэргэжлийн ажилчид оролцоод байна. Бид байгууламжаа барихдаа дээвэр хэсэгтээ нарны эрчим хүчийг ашиглахаар тооцоолж байна” гэв.