ВИДЕО: Үерийн улмаас усанд боогдсон 100 гаруй иргэнийг татан авах ажиллагаа явагдаж байна

ВИДЕО: Үерийн улмаас усанд боогдсон 100 гаруй иргэнийг татан авах ажиллагаа явагдаж байна

2020 оны 7 дугаар сарын 13-ны оройн 19:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир аймгийн онцгой комисс зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

Түргэн болон Сагил сумын голууд үерлэсний улмаас усанд боогдож гацсан 100 гаруй иргэнийг эхний ээлжинд татан авах ажиллагааг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид хамтран шуурхай зохион байгуулж байна.

Энэхүү ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р ангийн алба хаагчид хамтран шуурхай гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн хувьд усны түвшин харьцангуй багассан аж. Гэхдээ суудлын автомашин Түргэний голоор гарах боломжгүй хэвээр байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Түргэн суманд жирэмсэн эх төрөхдөө хүндэрсэн тул аймгийн төвөөс эмч нарын баг явсан байгаа. Одоогийн байдлаар суудлын автомашинуудыг Хилийн цэргийн тэвштэй автомашинд ачиж гол гаргаж байна. Харин жийп, портер зэрэг том оврын тээврийн хэрэгслийг чирч голоор гаргаж байна. Увс аймагт гурван өдөр дараалан орсон борооны улмаас Улаангом-Хандгайт чиглэлийн замд Түргэн гол үерлэж зам сэтрэн, хоёр гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байгаа юм. 

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн алба




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө