ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа малаар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Ховд аймагт гарсан хоёр тохиолдлын хувьд өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Нэмж хүн өвдөөгүй. Долдугаар сарын 15-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлоор нас барсан. Ингээд орон нутгийн төв газар дээр нь ажиллаж, сорьцыг үндэсний төвд авчран, шинжлэхэд тарваган тахлын халдвар авч, шоконд орон нас барсан болох нь тогтоогдсон. Уг тохиолдлын нэгдүгээр хавьтал 18 хүнийг тусгаарлалтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна.
Тарваган тахлын өвчлөл байнга бүртгэгдэж, нас баралт хүртэл бүртгэгдээд байхад иргэд үнэхээр хайхрамжгүй байна. Тарваган тахал бол коронавирусээс дутхааргүй аюултай. Энэ өвчин нас баралт өндөртэй тодруулбал, 30-100 хувийн нас баралттай өвчин. 2017, 2018, 2019 онд гарсан тарваган тахлын тохиолдлууд бүгд нас баралтаар дууссан.
Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Төв аймгийн Зуунмод суманд тарвага зөвшөөрөлгүй агнасан, тээвэрлэсэн, мэрэгч амьтан шалтгаангүй үхсэн зургаан дуудлагад ажиллалаа.
Тарваган тахал манай улс төдийгүй, ОХУ, Казахстан, Өвөр Монголд идэвхтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ аван ажиллаж байна" гэв.