СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын үеэр 146 хүн үер усны аюулаас аврагдсан бол 11 хүн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын үеэр 146 хүн үер усны аюулаас аврагдсан бол 11 хүн амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран баяр, наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа нар хийсэн юм. Мэдээллийн эхэнд хурандаа Б.Мандахгэрэл баяр наадмын амралтын өдрүүдээр үер, усны ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үер, усны ослын 38 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 146 хүний амь насыг авран хамгааллаа.  Мөн усны ослоор  амь насаа  алдсан 11  иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэдийн  найм нь том хүн, хоёр нь хүүхэд байсан" гэв.

-7-р сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт Туул голд осолдсон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Э (31 настай, эрэгтэй),

-7-р сарын 11-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Туул голд осолдсон Баянхонгор аймгийн харьяат иргэн Ц (25 настай, эмэгтэй)

-7-р сарын 13-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Б (41 настай, эрэгтэй)

-7-р сарын 13-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Задгайд үерийн ус зайлуулах далангийн усанд хүний цогцос байна гэсэн дуудлагаар нэр, хаяг тодорхойгүй 50 орчим настай, эрэгтэй хүний цогцос

-7-р сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Орхон голд осолдсон иргэн О (28 настай, эрэгтэй)

-7-р сарын 14-ний өдөр  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хөвсгөл нуурын эрэг дагуу явж байсан Орхон аймгийн харьяат иргэн Т (58 настай, эмэгтэй), Б (33 настай, эрэгтэй), М (7 настай, эмэгтэй)

-7-р сарын 14-ний өдөр  Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голд осолдсон  Э (2 настай, эрэгтэй) нарын цогцсыг тус тус гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Өнөөдрийн байдлаар энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Туул голд живсэн Т (11 настай, эрэгтэй)-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ