Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэллээ.
Төрийн Есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлэхээр Төрийн хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан халхын их хан уул Нагалхаан уулын өвөрт залж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.
Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс, аймаг, сум, дүүрэгт нэгэн зэрэг долоодугаар сарын 11-12ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд болно. Харин хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т зохион байгуулж байна. Ингэхдээ наадамд оролцох бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулахаар ажиллаж байна.
Улс орон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа тул баяр наадмын талбайд үзэгч нэвтрүүлэхгүй. Бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.