#Pray4Dulguun: Ар гэрийнхийх нь виз яаралтай гараад оччихвол ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНД ОРНО

#Pray4Dulguun: Ар гэрийнхийх нь виз яаралтай гараад оччихвол ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНД ОРНО

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Этүгэн” багийн тоглогч О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр 2019 оны Оюутны лигийн аврагын шагнал болох NBA-ын финалын тоглолт үзэхээр хилийн дээс алхсан ч хүнд онош сонсчээ. Одоо яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа юм.

Иймд хандивын аян хэрхэн өрнөж байгаа, хичнээн төгрөг шаардлагатай байгаа болон биеийн байдал нь ямархуу байгаа талаар түүний багш МСБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогттой холбогдож, цөөхөн хэдэн асуултад хариулт авлаа.

-Сагсчин О.Дөлгөөний элэг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээний зардалд зориулсан хандивын аян цахим орчинд өнөөдрөөс идэвхитэй өрнөж эхлээд байна. Хагалгаа, эмчилгээний зардалд нийт хичнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-Эмнэлэгт хэвтээд ес хонож байна. Эмнэлэгт хэвтсэн эхний хоёр хоногт “30 мянган ам.доллар гарсан шүү” гэсэн билл өгсөн. Түүнээс хойш ахиж билл өгөөгүй байна. Элэг шилжүүлэн суулгах зөвхөн “хагалгаа”-ны зардалд 300-350 мянган ам.доллар шаардлагатай байгаа юм. Хагалгаанд орохын өмнөх, болон хойдох эмнэлгийн зардал гэж тусдаа гардаг юм билээ. Монгол мөнгөөр эхний ээлжинд 800 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Цаашид төлбөр нь хэд болж нэмэгдэхийг бид үнэхээр тааварлаж мэдэхгүй байна. Сайхан сэтгэлт Монголчуудаас цуглуулсан хандивын аянаас үлдсэнийг нь буяны байгууллага болон залуу тамирчдыг дэмжих газруудад хандаж цуглуулах бодол бий.

-Зургадугаар сарын 12-нд эх орноосоо мордсон юм билээ. Онош нь яг хэзээ тодорсон бэ. Донор олдсон уу?

-АНУ-д гурван хүний дунд нэг донор олддог юм билээ. О.Дөлгөөн хэвтэж байгаа эмнэлэгтээ хамгийн хүнд өвчтөн. Одоо сэхээний тасагт хэвтэж байна. Тэнд оочер дэс дарааллын дагуу явна гэхээсээ илүү өвчтөнийхөө биеийн байдлын хүнд, хөнгөн хэлбэрээс шалтгаалан хагалгаанд оруулдаг.

-Хамгийн эхэнд орох боломж байгаа байх нь ээ?

-Ер нь хамгийн урдуур орох боломжтой. Одоо аав, ээж нь хурдан очиж байж эрчимт эмчилгээндээ орох юм.

-Ар гэрийнхэн нь хэзээ явах гэж байна вэ?

-АНУ-ын Элчин сайдын яам руу хандсан. Гадаад харилцааны яамнаас шаардсан нот бичгийг нь аваад очиж гуйж үзсэн. АНУ-ын Элчин сайдын яам “Бид дотоод журмынхаа дагуу виз гаргана. Та бүхэн ч гэсэн журмын дагуу хүсэлтээ бичээд өг” гэсэн хариу өгөөд байгаа. Бид тэрхүү холбогдох журмынх нь дагуу хүсэлтээ бичээд өгчихсөн байна. Одоо ч гэсэн сайт руу нь ороод цаг өгсөн эсэхийг нь шалгаад л сууж байна даа.

-Дотоод журмынх нь дагуу гэхээр ойролцоогоор хэд хоног хүлээгдэхээр байгаа вэ?

-Дор хаяж гурваас дөрөв хоног хүлээгддэг юм билээ. Гэтэл бидэнд тийм цаг байхгүй. Иймд О.Дөлгөөний аав нь “Үнэнээ хэлээд гуйгаад үзье” гээд АНУ-ын ЭСЯ руу дөнгөж сая бас л орлоо.

-Гэрийнхэн нь очиход эмчилгээгээ эхлүүлэхээр хүлээгдэж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Одоогийн байдлаар найз охин нь хажууд нь сахиж байна. Албан ёсны төлөөлөл нь болж чадахгүй учир ар гэрийнхнийгээ ирэхийг хүлээж байна даа. Ар гэрийнхэн нь очвол дорвитой шийдвэрүүд гарч, эмчилгээ илүү түргэснэ. Иймд хамгийн эхлээд ар гэрийнхнийг нь яаралтай явуулах шаардлагатай байгаа юм.   

-Хэд хоногийн өмнө бөөр нь үхжсэн гэх мэдээлэл гараад байсан. Одоо биеийн байдал хэр байна вэ?

-Одоогийн байдлаар бөөрийг аппратаар бүрэн орлуулж байна. Унтуулж байгаад элгийг дэмжих эмчилгээг маш ихээр хийгдэж байгаа юм. Амаараа жаахан цус алдсан байдалтай байна. Хэдийгээр салхин цэцэгээс үүдэлтэй гэж байгаа боловч хамгийн гол нь элгийг маш богино хугацаанд ажиллагаагүй болгосон вирус байгаа гэж үзээд байгаа юм билээ. Одоо тэр нянг дарангуйлах эмчилгээ хийгдэж байна.

Миний хайртай шавьд амьдрах итгэл урам зориг хайрлаж, эрүүл саруул болоход тусалж байгаа Монголын нийт ард түмэн болон компаниудад маш их баярлалаа.

Хандивын данс: Хаан банк 5721081225

Хүлээн авагч: Л. Очбадрах

Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/