Украины дронууд Wildberries-ийн  хоёр агуулахыг онилж, 15 хүн шархаджээ

Украины дронууд Wildberries-ийн хоёр агуулахыг онилж, 15 хүн шархаджээ

Украины дронууд Оросын хамгийн том онлайн худалдааны сүлжээ Wildberries компанийн Краснодар, Ставрополь дахь логистикийн төвүүдэд дахин цохилт өгч, 15 хүн шархадсан талаар Оросын албаныхан мэдээллээ.

Энэ нь Украины тал дөрөв хоногийн дотор Wildberries-ийн байгууламжийг хоёр дахь удаагаа онилж буй тохиолдол юм. Өнгөрсөн бямба гарагт Тамбов муж болон Электросталь дахь тус компанийн агуулахууд дроны халдлагад өртөж, найман хүн амиа алдаж, 62 хүн шархадсан билээ.

Краснодарын захирагч Вениамин Кондратьевын мэдээлснээр, агуулахын цогцолборт болсон халдлагын улмаас 10 хүн шархадсанаас гуравынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Харин Ставрополийн Невинномысск хот дахь логистикийн төвд болсон халдлагад таван хүн гэмтэж, бүгдэд нь амбулаторийн эмчилгээ үзүүлжээ.

Мөн Краснодарын хязгаар өнгөрсөн шөнө өргөн хүрээтэй дроны халдлагад өртсөн бөгөөд Армавир хотын нэг үйлдвэрийн цохилтын улмаас нэг ажилтан амиа алдсан байна. Үүнээс гадна газрын тосны агуулахад гал гарч, дроны хэлтэрхий орон сууц, хувийн байшингуудыг гэмтээсэн ч өөр хүний амь нас эрсдээгүй гэж мэдээлжээ. Украины тал энэ удаагийн халдлагын талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин өмнө нь Киев Wildberries-ийн агуулахуудыг Оросын дрон болон навигацийн төхөөрөмж үйлдвэрлэхэд ашигладаг эд анги, давхар зориулалттай бараа нийлүүлэхэд ашиглаж байсан хэмээн мэдэгдэж байв. Украины Аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн дарга Серхий Кузан BBC-д өгсөн ярилцлагадаа ийм байгууламжуудыг онилох зорилго нь Оросын цэргийн логистик, нийлүүлэлтийн сүлжээг доголдуулах явдал гэж тайлбарласан юм.

Эх сурвалж: BBC