Аргентины шигшээ багийг ФИФА-аас албан ёсоор шалгаж эхэллээ

Аргентины шигшээ багийг ФИФА-аас албан ёсоор шалгаж эхэллээ

ДАШТ-ий финалын тоглолтын дараа Испани болон Аргентины шигшээ багуудын хооронд үүссэн маргааныг ФИФА-аас шалгаж эхэлжээ. 

Финалын дараа Испанийн тоглогчид ялалтын баяраа тэмдэглэж байх үед Аргентины тоглогчид болон дасгалжуулагчдын багийн гишүүдийн хооронд үл ойлголцол  үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор ФИФА-гийн Сахилгын хороо мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа бөгөөд тоглогчид, дасгалжуулагчид болон Аргентины Хөлбөмбөгийн холбоонд шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Уг шалгалтад Леандро Паредес, Науэль Молина, Тиаго Альмада, дасгалжуулагчийн туслах Роберто Аяла нарын үйлдлийг хамруулжээ.

Гэсэн ч Аргентиний багийн хагас хамгаалагч Энцо Фернандес тоглогчдоо өмгөөлсөн байр суурь илэрхийлсэн юм.  Тэрбээр Испанитай хийсэн финалын тоглолтын үеэр хоёр шар хуудас авч талбайгаас хөөгдсөн ч сошиал хуудсандаа "Цаг хугацаа өнгөрөх тусам үр дүнгээс илүү чухал зүйл байдгийг ойлгодог. Энэ баг олон жилийн турш Аргентиныг хамгийн сайн байдлаар төлөөлсөн. Өрсөлдөнө гэдэг зөвхөн ялах биш, өмссөн өмсгөлийнхөө төлөө бүхнээ зориулахыг хэлдэг" хэмээжээ.

Үүний зэрэгцээ Лионель Месси шигшээ багаасаа зодог тайлах гэж байгаа эсэх асуудал ч олны анхаарлын төвд байна. Аргентины хэвлэлүүд финалын өмнө Месси энэ тоглолт шигшээ багийнхаа төлөөх сүүлчийнх нь байж магадгүй талаар багийнхандаа хэлсэн гэх мэдээлэл түгээсэн ч албан ёсоор батлагдаагүй байна. Түүнчлэн финалын тоглолтын дараа Месси өөрийн цахим хуудсандаа "Өвдөлт асар их байна. Энэ шарх эдгэрэхэд хугацаа хэрэгтэй. Гэхдээ бидний туулсан сайн сайхан бүхнийг ч бас санаж үлдэнэ" хэмээн бичсэн юм.

Эх сурвалж: BBC