Рио Тинтог Австралийн сенат түүхэн дурсгалыг хэрхэн сүйтгэснийг шалгахаар болжээ

Рио Тинтог Австралийн сенат түүхэн дурсгалыг хэрхэн сүйтгэснийг шалгахаар болжээ

Өнгөрсөн сард Рио Тинто компани Австралийн баруун бүсэд төмрийн хүдэр олборлох зорилгоор тэсэлгээ хийхдээ нутгийн уугуул абориген хүмүүсийн эртний дурсгалыг хадгалдаг агуйг сүйтгэсэн юм.

Энэ үйл явдлын дараа тус компанийн төмрийн хүдрийн салбарын захирал Крис Солсбэри харамсаж байгаагаа илэрхийлж байв. Өчигдөр буюу Пүрэв гарагт Австралийн сенат түүхэн дурсгалыг хэрхэн сүйтгэснийг шалгах шийдвэр гаргасан юм. Мөрдөн шалгах ажлын хэсэг есдүгээр сарын 30-нд дүгнэлтээ сенатад танилцуулахаар болжээ. Харин өнөөдөр буюу Баасан гарагт Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак албан ёсоор уучлал гуйж, уг хэргийг мөрдөн шалгахад Австралийн засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

“Рио Тинто нь Австрали даяар үйл ажиллагаа явуулахдаа нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллаж, тэдний үнэт зүйлсийг хүндэтгэж ирсэн урт түүхтэй. Бид энэ уламжлалаа цааш хэвээр үргэлжлүүлэхээ батлан илэрхийлж байна” гэж Жан Себастьян Жакийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Баруун Австралийн Жуканы хавцал хэмээх газарт байдаг хоёр агуйд 46,000 жилийн өмнөөс эхлэн хүн амьдарсныг батлах дурсгалууд хадгалагдаж байсан бөгөөд өнөөдөр тэнд амьдардаг абориген хүмүүсийн хувьд ариун газарт тооцогддог байв. Судлаачид өнөөдрийн нутгийн иргэд агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн шууд үр удам болохыг генетикийн шинжилгээгээр тогтоож байжээ.