Монгол Улсын Алдарт уяач Г.Даваадалай: Анх морь уяж эхлээд "Шоу халзан", "Богд хээрээ" улсын наадамд айрагдуулаад магнайгаа тэнийтэл баярлаж байлаа

Монгол Улсын Алдарт уяач Г.Даваадалай: Анх морь уяж эхлээд "Шоу халзан", "Богд хээрээ" улсын наадамд айрагдуулаад магнайгаа тэнийтэл баярлаж байлаа

Хүүхэд наснаасаа хурдан морины нуруун дээр гийнгоо аялан өссөн хүү өнөөдөр монголынхоо өв уламжлалыг тээж, аргамаг хурдан хүлгүүдээ уяж, сойн түмэн олноо баясгаж байна. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн Сар шинийн баярын дугаартаа бид Завхан аймгийн уугуул, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Улсын алдарт уяач Г.Даваадалайг онцоллоо.

ВИДЕО: 

Эгэл монгол, малчин айлд төрж өссөн түүний хувьд зургаан настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн бөгөөд есөн настайдаа Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Тод манлай уяач Т.Ихбаярын хурдан мориных нь унаач хүүхэд болж байжээ. Улмаар туслах уяач хийж, туршлага хуримтлуулсан тэрбээр өдгөө Улсын алдарт уяач гэх эрхэм цолны эзэн болсон байна.

Г.Даваадалай уяач анх 2017 онд Тод манлай уяач Т.Ихбаяр ахаасаа “Богд хээр” хэмээх эмнэг хязаалан үрээ бэлгэнд авч Багануур дүүрэгт болсон бүсийн уралдаанд айрагдуулснаар түүний амжилтын буухиа эхэлсэн байсан түүхтэй. Хожим “Богд хээр” азарга нь Улсын наадамд хоёр түрүүлж, бүсийн наадамд нэг удаа түрүүлж, Монгол Улсын шигшмэл хурдан азаргануудын нэгээр дурсагдах болсон юм. 2019 онд монгол түмнийг огшоож, түрүүлж яваад хадуурч хүүхэд нь унаад айргийн гурваар хурдалсан “Шоу халзан” үрээ зэрэг олон буянт хурдан хүлгүүдээрээ тэрбээр улс, бүсийн наадмаас 40 гаруй айраг түрүү хүртэж, 2024 онд Монгол Улсын Алдарт уяач цол тэмдгээр шагнагдаж, төр түмэндээ хүндлэгдсэн нэгэн болжээ.

-"ОЛОН ЖИЛ ХУРДАН МОРЬ УНАЖ, ТУСЛАХ УЯАЧ ХИЙЖ ТУУШ ЯВСНЫ ҮР ДҮНД АЛДАРТ УЯАЧ ГЭХ ЭРХЭМ АЛДРЫГ ХҮРСЭН"- 

-Бага насандаа хурдан морь унаж байсан уу. Анх хэрхэн моринд дурлаж, уяач болох бодол танд төрж байсан бэ?

-Би малчин айлд төрж, өссөн. Хөдөө байдаг хүүхдүүд байгаасаа морь унаж сурдаг шүү дээ. Миний хувьд зургаан настайгаасаа эхэлж хурдан морь унаж эхлээд есөн насандаа Тод манлай уяач Т.Ихбаяр ахын уяан дээр морь унаж, төрийн наадмаар унаач хүүхдийн хувиар олон айраг түрүү авч байсан. Энэ цагаас эхлээд л хурдан моринд дурлаж, бие томроод хурдан мориноос хасагдаад туслах уяач болж байсан. Миний хувьд их азтай хүн гэж өөрийгөө боддог. Т.Ихбаяр ах дээрээ анх морь унах гэж ирээд олон жил хурдан морийг нь унаж, улмаар морь уях эрдмийг нь сурч, энд хүрсэндээ үргэлж баярлаж, талархаж явдаг даа. 

-Таны гэргий өөрийг тань бүрэн ойлгож, дэмждэг болохоор энэ амжилтууд мэдээж гарч байгаа шүү дээ, та гэргийгээ танилцуулаач?

-Миний гэргийг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Б.Отгонзаяа гэдэг. Халуунд халж, хүйтэнд хөрж байнгын адуугаа дагаж явдаг бидний хувьд арын ажлыг дааж явдаг гэргийгүйгээр төсөөлөхийн аргагүй. Миний арыг даахаас гадна олон унаач хүүхдийн юу идэж уух, ямар хувцас өмсөж зүүх гээд арын ажлуудыг маань найдвартай хариуцдаг. Ийм ч болохоор амжилтууд маань ар араасаа ундран гардаг гэж боддог. Анх морь мэддэггүй хүн байсан одоо бол адууг бараг надаас ч илүү мэддэг болоод байгаа.

-“Богд хээр”, “Шоу халзан”, “Саарал морь” зэрэг олонд танигдсан хурдан хүлгүүдийнхээ удам угшлын талаар та үзэгч, уншигчдаа танилцуулбал?

-2019 оны хавар “Шоу халзан”-г шүдлэн байхад нь байхад нь баз ах маань надаар уяулна гээд авчирч өгч байсан. Тэр жилдээ уяад төрийн наадамдаа айргийн гуравт хурдалж байсан. “Богд хээр” азарганы хувьд эх нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Өндөрчулуун гуайн адууны эхтэй. Эцэг нь “Галибакс” хэмээх Англи азарганы төл. Харин “Саарал морь” Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Ц.Жаргалсайхан гэдэг хүний унаган адуу. Энэ сайхан хурдан хүлгүүд маань бүгд л над дээр шүдлэн насан дээрээ ирж байсан.

-“Шоу халзан” морь түрүүлж орж ирээд хадуураад хүүхэдтэйгээ унадаг шүү дээ. Энэ үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-“Шоу халзан” их том зүрхтэй адуу. Хүүхэдтэйгээ хоёулаа уначхаад өөр морь байсан бол хаяад явах байсан байх. “Шоу халзан” гэтэл хүүхэд нь босгох гээд өшиглөөд байхад л босохгүй хэвтээд байсан. Тэрэндээ ч хүүхэд нь мордоод айрагдсан. Тэр намар нь “Шунхлай Групп”-ийн захирал Батсайхан ахад зарж байсан.

-Төр, түмэндээ алдаршсан хурдан хүлгүүдээ арилжихад харамсаж, харуусах мэдрэмж танд төрдөг үү?

-Хурдан хүлгийн наймаа хийхдээ хэн хэн нь харамсаж, харуусах сэтгэлгүй байх ёстой. Хоёр талаас л харилцан тохиролцож байгаа учраас очсон эзэндээ ээлтэй, олон айраг түрүү авч өгөөрэй гээд ерөөгөөд явуулдаг. “Саарал морь”-ны хувьд аваад удаагүй хөл нь доголоод түүнээс хойш сул уяагаар уяж төрийн наадамдаа хоёр дараалан түрүүлсэн.

-“Саарал морь”-ны хөл нь юунаас болоод доголсон бэ. Сул уяа гэдэг энэ эрдмээ хэнээс сурч байсан бэ?

-“Саарал морь”-оо анх аваад удаагүй хөл нь доголчихсон. Биеийн харьцаандаа хэт нарийн хөлтэй, түүнээс гадна хязаалан болох хавар тарган ажил хийлгээд хөлийг нь доголуулчихсан. Төрийн наадамд түрүүлж айрагдах боломжтой хурдан хүлгийг нь анх хараад мэдчихсэн байсан болохоор үнэхээр уямаар санагдаад байсан учраас өмнөх жил нь Тод манлай уяач Т.Ихбаяр ах сул морь уяад байсныг санаад “Саарал морь”-оо сул уясан. Ингэж уяад эхний үсэргээнд уралдуулахад ямар ч асуудалгүй хурдалж байсан болохоор Эрдэнэтэд болсон бүсийн уралдаанд уралдаад шууд түрүүлсэн. Түүнээс хойш улсын наадамдаа соёолон, хавчиг үрээ байхдаа хоёр дараалаад түрүүлсэн. Хөлийг нь гамнаад жилд нэг л уралдуулдаг учраас одоогоор дөрвөн удаа уралдаад дөрвөн удаа түрүүлээд байгаа. Наадмын өмнө ажил хийлгэхдээ нэг ч хүүхэд мордож үзэж байгаагүй. Уралдах үедээ л хүүхэдтэй уралддаг юм. Ер нь Саарал маань төрмөл хурдан буян даа л гэж боддог доо. 

-Уучлаарай нууц биш бол таны морь уях эрдмийн нууц нь юунд байна вэ? 

-Монголчууд хурдан морио уяж, сойхдоо ер нь нэг л арга барилаар уяж сойдог. Миний хувьд айхтар нууцлаад байх эрдэм гэж байхгүй дээ. Ер нь хурдан морьтой олон таарч, хурдан морь уяж сойж байсан хүн л хурдан адууны шинжийг таньж, уяж сойдог юм болов уу л гэж боддог. 

-Хурдан морийг унаач хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Танай уяан дээр хэдэн унаач хүүхэд байна вэ?

-Манай уяан дээр таван хүүхэд байгаа. Морь унадаг хүүхэд маш сэргэлэн, хэрсүү хүүхэд байх ёстой байдаг. Одоо байгаа хүүхдүүдээ бүгдийг нь өөрийн хүү шиг санаж явдаг. Хүүхдүүддээ хамгийн л сүүлийн үеийн, хамгийн л сайн гэсэн хамгаалалтын хувцаснуудыг сонгож өмсүүлдэг дээ. Манай хүү одоо гурван настай. Одоо л морь унаж сургаад зургаан нас хүрэхээр хурдан морь унуулна гэж бодож байгаа.

-ХҮҮХЭД БАЙХАД АЙЛУУДЫН ӨГСӨН ЧИПСНИЙ ХИЙГ НЬ ГАРГАЖ, ӨВӨРТЛӨӨД Л АЙЛ ХЭСЭЖ, ШИНЭЛДЭГ БАЙСАН-

-Монгол түмний үндэсний баяр сар болж байна шүү дээ. Хүүхэд байхдаа сар шинээр хэрхэн баярладаг байсан талаарх дурсамжаасаа хуваалцаач?

-Цагаан сар бол хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын маань нэг. Хүүхэд байхдаа найзуудтайгаа морь унаад л айлаар хэсдэг байсан. Энэ үе миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын маань нэг болон сэтгэлд маань үлдсэн. Одоо бол уяач бидний хувьд монголын томоохон өв уламжлалыг тээж яваа хүмүүс учраас аль болох бусдад үлгэрлэж өргөн дэлгэр сар шинийн баярыг тэмдэглэхийг боддог доо.

-Цагаан сараар авч байсан таны хамгийн гоё, дурсамжтай, хөгжилтэй бэлэг тань юу байсан бэ?

-Хүүхэд байхад бүх бэлэг л гоё санагддаг байсан. Айлууд ихэвчлэн чихэр, печень өгдөг байсан. Сайн таньдаг айлуудаар орохоор мөнгө өгөхөөр их баярладаг байсан. Тухайн үед айлууд чипс өгөөд өвөртлөхөөр их зай эзэлдэг байсан болохоор цоолоод хийг нь гаргаад өвөртөлдөг байсан. Тэгээд гэртээ хариад идэх гэхээр бүгд үйрээд үйрмэг болчихсон байдагт их харамсдаг байсан маань одоо эргээд бодохоор хөгжилтэй санагддаг.

Н.Мөнхбаатар




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө