Шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана

Шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг баярын өдрүүдийг угтан аж ахуй нэгжүүдтэй хамтран зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажлуулж, нэмэлт зогсоол гаргах, “Хашаагаа нээе” уриалгыг гаргаж үе шаттай ажлуудыг амжилттай зохион байгуулаад байна. Тэгвэл Цагаан сарын шинийн нэгэнд буюу маргааш Шуурхай ажлын хэсэг гарган ажиллахаар боллоо.

Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүнтэй Шуурхай ажлын хэсэг ажиллаж замын хөдөлгөөний нөхцөл байдлыг шууд дамжуулан хүргэнэ. Түүнчлэн цагдаа, эмч, аврагч, дэд бүтцийн салбарынхан зэрэг төрийн албан хаагчид баярын өдрүүдэд хэрхэн үүрэг гүйцэтгэж, иргэдийг аюулгүй, осол авааргүй баярлах нөхцөл боломжийг хангаж арын албанд ажилладаг болохыг шууд дамжуулалтаар олон нийтэд хүргэх болно.