Онцгой байдлын байгууллага сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.
Он гарсаар өнөөдрийг хүртэл 519 удаагийн ахуйн хүрээний гал түймрийн дуудлага бүртгэдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувиар өссөн байна Мөн энэ хугацаанд мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөс цөмөрсөн дуудлагын долоо нь Хөвсгөл аймагт бүртгэгдэж, хоёр иргэн амь насаа алдсан. Харин төөрсөн, сураггүй болсон 15, цасанд суусан 19 дуудлага бүртгэгдэж, 43 иргэний амь насыг авран хамгааллаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төөрсөн сураггүй болсон тохиолдол 15.4 хувиар, цасанд суусан дуудлага 11.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул тухайн газар, орныхоо цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг анхаарууллаа.