АНУ-ын Худалдааны сайд Х.Лутник хүчирхийлэгч Ж.Эпштейний аралд 2012 онд очсоноо хүлээн зөвшөөрснөөр, огцрох шахалтад оржээ

АНУ-ын Худалдааны сайд Х.Лутник хүчирхийлэгч Ж.Эпштейний аралд 2012 онд очсоноо хүлээн зөвшөөрснөөр, огцрох шахалтад оржээ

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник бэлгийн хүчирхийллийн хэргээр ял шийтгэгдсэн Жеффри Эпштейний Карибын тэнгис дэх аралд зочилсоноо анх удаа албан ёсоор баталжээ. Энэ нь түүнийг Ж.Эпштейнийг яллагдахаас өмнө харилцаагаа тасалсан гэсэн өмнөх мэдэгдэлтэй нь зөрчилдсөн байна.

Х.Лутник өчигдөр /2026.02.10/ мэдүүлэг өгөхдөө "Би гэр бүлийн амралтаараа завиар явахдаа түүний арал дээр нэг цаг орчим үдийн хоол идсэн. Эхнэр, дөрвөн хүүхэд, асрагч нар маань надтай хамт байсан" гэж мэдэгджээ.

Тэрээр 2005 онд Ж.Эпштейний гэрт таагүй байдал үүссэний дараа холбоогоо тасалсан ч дараагийн 14 жилийн хугацаанд түүнтэй хоёр удаа уулзсан гэдгээ хүлээн ийнхүү зөвшөөрсөн байна.

АНУ-ын Хууль зүйн яамнаас саяхан нийтэлсэн Ж.Эпштейний баримт бичгүүдэд Х.Лутникийг 2012 оны 12 дугаар сарын 23-нд аралд очсон гэдэг багтсан байна. Түүний энэхүү айлчлал нь Ж.Эпштейн хүүхдийг биеэ үнэлэхийг өдөөсөн хэргээр ял шийтгүүлснээс дөрвөн жилийн дараа болсон аж.

Х.Лутникийг Ж.Эпштейний гэмт хэрэгт холбоотойгоор буруутгаагүй ч түүний мэдүүлэг Конгрессын гишүүдийн шүүмжлэлийг дагуулжээ. Тухайлбал, Мэрилэнд мужийн сенатор Крис Ван Холлен "Асуудал нь та буруу зүйл хийсэнд биш, харин харилцааныхаа цар хүрээг буруу тайлбарласан явдалд оршино" хэмээн шүүмжилжээ.

Х.Лутникийн нэр Ж.Эпштейнтэй холбоотой 3.5 сая гаруй хуудас баримт бичигт дурдагдсан олон нэр хүндтэй хүмүүсийн нэгт багтсан байна. Үүний дараа АНУ-ын Ардчилсан намын конгрессын гишүүн Ро Ханна болон Бүгд Найрамдах намын гишүүн Томас Масси нар түүнийг огцрохыг шаарджээ. 

Харин Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Х.Лутникийг бүрэн дэмжиж байгаа аж. Х.Лутник мэдүүлэг өгч байх үеэр Ж.Эпштейний хохирогчид Капитолын гадна цугларч, бэлгийн хүчирхийллийн хохирогчдын иргэний нэхэмжлэл гаргах хугацааг хязгаарлахгүй байх тухай Виржиниа мужийн хуулийн төслийг дэмжих уриалга гаргасан байна. Хуулийн төслийг Ж.Эпштейний хохирогчдын нэг байсан "Виржиниа Жиуффр"-ийн нэрээр нэрлэжээ.

Эх сурвалж: BBC