АНУ, Канадыг холбосон гүүрийг нээхийг хориглоно хэмээн Д.Трамп сүрдүүлжээ

АНУ, Канадыг холбосон гүүрийг нээхийг хориглоно хэмээн Д.Трамп сүрдүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп АНУ хойд хөршдөө өгсөн бүх зүйлийнхээ төлөө "бүрэн нөхөн төлбөр" авах хүртэл АНУ, Канадын хооронд баригдаж буй шинэ гүүрийг ашиглалтад оруулахыг зөвшөөрөхгүй хэмээн сүрдүүлжээ.

Тэрээр олон нийтийн Truth Social цахим хуудастаа нийтэлсэн мэдэгдэлдээ, "Канадын Онтарио мужийг АНУ-ын Мичиган мужтай холбох Горди Хоу олон улсын гүүр нь Оттава "АНУ-д шударга ёс, хүндэтгэлтэй хандах" хүртэл нээгдэхгүй" гэж бичжээ.

Албан ёсны вэб сайтад дурдсанаар, гүүрийн барилгын санхүүжилтийг Канадын засгийн газар бүрэн хариуцаж байгаа ч уг байгууламж нь Канад болон Мичиган мужийн хамтарсан олон нийтийн өмч байх юм. Гүүрийг хөгжүүлж буй Виндзор-Детройт гүүрний захиргаа нь Канадын засгийн газрын бүрэн эзэмшилд байдаг гэжээ.

Харин Д.Трамп гүүрний нээлтийг хэрхэн хориглох талаар тодорхой тайлбар өгөөгүй ч "хэлэлцээрийг нэн даруй эхлүүлнэ" гэж мэдэгдсэн байна.

Детройт голыг дамнан баригдаж буй тус гүүрийг 2026 оны эхээр туршилт, зөвшөөрлийн шат дууссаны дараа замын хөдөлгөөнд нээхээр төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажил 2018 онд эхэлжээ. Мөн Д.Трамп АНУ, Канадын хооронд сүүлийн үед хурцадсан худалдааны маргааныг дурдаж, Канадын сүүн бүтээгдэхүүний татвар "олон жилийн турш хүлээн зөвшөөрөхийн аргагүй байсаар ирсэн" гэж шүүмжилжээ. Үүнээс гадна Канад, Хятадын хооронд өнгөрсөн сард байгуулсан худалдааны хэлэлцээр Канадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Харин одоогоор Канадын гүүрний захиргаа, Онтарио муж, Детройт хотын захирагчийн алба уг мэдэгдэлд албан ёсны тайлбар өгөөгүй байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC