Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.5 хувиар нэмэгджээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.5 хувиар нэмэгджээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.5, өмнөх сарынхаас 1.1 хувиар нэмэгдсэн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7, үйлчилгээний бүлгийн үнэ 8.9, хүнсний бүлгийн үнэ 12.4, хүнсний бус бүлгийн үнэ 5.6 хувиар нэмэгдлээ. Тухайлбал төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 9.4, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 10, төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 13.8, баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 6.3 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байв.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард 8.7 хувь байсан нь энэ оны нэгдүгээр сард 7.5 хувь болж, өсөлтийн хурд 1.2 нэгж хувиар багассан. Инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 21.6 хувь буюу 1.6 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 51.3 хувь буюу 3.8 нэгж хувиар өссөн нь нөлөөлөв. Улсын хэмжээнд инфляц өнгөрсөн сард 7.5 хувь гарсны 44.9 хувь буюу 3.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 11.5 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ийнхүү нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.6, гэр ахуйн тавилга, ахуйн барааны бүлгийн үнэ 5.3, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.5, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.1, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 8.5, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8, бусад бараа, үйлчилгээний үнэ 8.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. 

Инфляц 7.5 хувь гарсны 25.5 хувь буюу 1.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, нийслэлд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа нь нийт сагсны 55.3 хувийг эзэлжээ.

Өнгөрсөн сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 18.4 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 25.8, хонь, ямааны махны үнэ 17.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өсөхөд гурил, бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 7.7, гоймонгийн үнэ 16.8 хувиар өссөн нь нөлөөлсөн ажээ.