ВИДЕО: Сэлэнгийн ногоочдыг "хятад цустай" гэж доромжилсон Л.Гантөмөрийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна

ВИДЕО: Сэлэнгийн ногоочдыг "хятад цустай" гэж доромжилсон Л.Гантөмөрийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Өрөг.мн" сайтын "Өрөг" ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ "Сэлэнгээс гаралтай Хятад хүмүүс сайн ургуулдаг" гэсэн агуулга бүхий зүйлийг ярьсан. 

ВИДЕО: 

Тэгвэл түүний ярьсан эл зүйлтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн ногоочид өнөөдөр /2026.02.09/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх түншлэл үндэсний холбооны гишүүн Х.Батцэнгэл "Бид Сэлэнгэ аймгаас хүрэлцэн ирсэн. Сэлэнгэ аймгийн органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 500 гаруй гишүүдийг нэгтгэсэн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх түншлэл үндэсний холбооны төлөөлөл байна. УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Өрөг.мн сайтад өгсөн ярилцлагадаа "хятад цустай хүмүүс хурдан ургуулдаг. Тэр нь Сэлэнгэ аймгийн ногоочид" гэдэг үг хэлсэн.

Сэлэнгийн ард иргэд хөлс хөдөлмөрөө хөрсөнд шингээж хүнс үйлдвэрлэдэг баялаг бүтээгчид болохоос хэн нэгэн улс төрчийн амны алдаа биш. Хэн нэгэн улс төрчийн золиос биш. Энэ үүднээс бид бүхэн өөрсдийн байр сууриа ил илэрхийлэх гэж ирсэн.

Сэлэнгийн иргэд Монгол улсынхаа үр тарианы 50 хувийг хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал", УИХ-аас гаргасан 2022 оны 36 дугаар тогтоолд Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тогтоолын хүрээнд сэлэнгэчүүд бид хөдөлмөрлөж ургуулж өнөөдрийг хүртэл ирсэн. Хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангасныхаа төлөө хятад цустай гэж дуудуулах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. 

Тэгэхээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын тэргүүн Шадар сайд, Боловсролын сайд, өнөөдөр УИХ-ын гишүүн, АН-ын дарга байсан ийм хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн Сэлэнгийн ард иргэдийг ингэж доромжилж, гүтгэж ийм үйлдэл гаргасанд бид маш их харамсаж байна. Өнөөдөр сошиал орчинд маш олон байдлаар сэлэнгэчүүдийг гүтгэж доромжилж, тоглоом шоглоом хийж байна. Чи Сэлэнгийнх үү, ногоо тарьдаг билүү гэдэг ийм утгаар янз бүрийн байдлаар бид бүхнийг доромжилж байна.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Сэлэнгийн ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Өнөөдөр Монгол Улсад улс төржих маш олон сэдэв байна. Өнөөдөр монголчууд баталгаагүй эрүүл бус хүнсийг хэрэглэж, Монгол Улс жилд нэг сумын хүн амтай тэнцэхүйц хүмүүсийг хорт хавдрын улмаас алдаж байгаа. Нас барж байгаа гэсэн үг. 

Монголчууд, Монголын улс төр өнөөдөр авлигад живсэн байна. Мянга мянган залуучууд гадагшаа эх орноо гэр бүлээ орхиод явж байгаа шүү дээ. Ийм олон сэдвүүд байхад заавал улс төрийн зорилгоор сэлэнгэчүүд биднийг ингэж золиосолж, доромжилж байгаа нь зүйд нийцэхгүй байна. 

Органик бүтээгдэхүүний хууль 2025 оны нэгдүгээр сард батлагдсан. Сэлэнгэ аймгийн 30 гаруй хоршооны 400 гаруй ногоочин уг хөтөлбөрт хамрагдаж органикаар хүнснийг үйлдвэрлэдэг болсон. Энэ амжилтаа өнөөдөр зарлах байтал ийм юм ярьж байгаадаа та бүхнээс хүлцэл өчиж байна. 1990 оны дараа Монголын хөрсөнд тарьсан ногоогүй байсан. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн хөдөлмөрчин ногоочид тарихгүй ногоогүй байна. Энэ хүмүүс зүгээр ч нэг ногоо тарих биш органик ногоо үйлдвэрлэдэг болсон. Ямар нэгэн химийн бордоо ашигладаггүй. Хөдөө аж ахуйн салбар хүний нөөцийн хомсдолд орсон. Дээрээс нь техник технологийн хөгжлийг бид бүхэн бас нэвтрүүлж чадахгүй байна. 30 гаруй жил ченжийн тогтолцоогоор манай хөдөө аж ахуйн салбар явсан. Өнөөдөр бид нар арьс ширээ боловсруулж чадахгүй, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож чадахгүй явж байна.  Энэ салбарт залуучууд орж ажиллахгүй байгаа. Ийм хүнд нөхцөлд энэ салбар маань оччихсон байхад Л.Гантөмөр гэдэг хүн бидний нэр хүндэд халдаж байгаад маш их бухимдалтай байна. Тиймээс албан ёсныхоо цахим хуудсаар Сэлэнгийн ард түмнээс уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрвээ уучлалт гуйхгүй бол хариуцлага хүлээлгэх байгууллагуудад хандана" гэв.