ФОТО: Дахин төлөвлөлтөд орсон 26-р байрны "тохиролцоонд хүрээгүй айлыг үлдээж" барилгын бусад хэсгийг бүрэн нураажээ

ФОТО: Дахин төлөвлөлтөд орсон 26-р байрны "тохиролцоонд хүрээгүй айлыг үлдээж" барилгын бусад хэсгийг бүрэн нураажээ

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 26-р байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлээс гаргаж, 2025 оны 8-р сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн.

Гэвч тухайн барилгын компани нь ажлын туршлагагүй, санхүүгийн чадамжгүй зэрэг шалтгаанаар зарим оршин суугчид тохиролцоонд хүрэхгүй байна. Тодруулбал, 26-р байр нь нийт долоон орцтой, 53 өрх оршин суудаг боловч үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн тоо 40 орчим байдаг. Оршин суугчдын хэлснээр гурван өрхтэй огт тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл нэг айл нүүгээгүй, эд хогшил нь байрандаа хэвээрээ байгаа юм. Түүнчлэн оршин суугчдын төлөөлөл өнгөрсөн намраас хойш тус компанитай шүүхдэлцэж байгаа аж. Гэтэл нүүгээгүй, эд хогшил нь хэвээр байгаа нэг айлыг үлдээн, бусад хэсгийн барилгыг нураасан байна.

26-р байрны оршин суугч Г.Хүрэлсүх “Өнгөрсөн зун миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Цаашлаад уг гомдлын үндсэн маргааныг ч хэлэлцэж эхлээгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад барилгыг нурааж эхэлсэнд би гомдолтой байна. Энэ нь Монгол Улсад хууль, шүүхийн байгууллага бодитоор хэрэгждэггүйг харуулж буй ноцтой жишээ юм.

Мөн Бага тойргийн бүсэд долоон давхраас дээш барилга, орон сууц барихыг хориглодог ч энэхүү зохицуулалт зөрчигдөж байна. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар, цагдаа, шүүхэд хандсан ч анхаарал хандуулж, шийдвэрлээгүй хэвээр байна. Оршин суугч нь нүүгээгүй байхад байрыг нь нураана гэдэг нь хүний өмчтэй байх, амьдрах, орон байртай байх үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл юм.

Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сарын 15-наас өмнө халаалт, ус зэрэг шугам сүлжээг хааж, хаалга, шал зэргийг эвдэн сүйтгэсэн. Үүний улмаас гэрээ байгуулаагүй гурван өрх түрээсийн байр, айл саахалтын гэрт түр хугацаанд толгой хорогдож байна. Тус компани гэрээ байгуулаагүй иргэдэд удаа дараа дарамт, хүчирхийлэл үзүүлж, танхай этгээдүүдийг орон байранд нь оруулан айлган сүрдүүлдэг, бүр хутга барьсан этгээд хүртэл явуулж байсан. Мөн барилга нураах зөвшөөрөл авсан эсэхийг тодруулахад, одоогоор зөвшөөрөл аваагүй гэх хариу өгсөн. Энэхүү нөхцөл байдлыг Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагууд хүний эрхийн ноцтой зөрчил гэж дүгнэсэн ч бодит өөрчлөлт одоог хүртэл гараагүй байна” хэмээн байр сууриа илэрхийлж буй.