Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид Нипах вирусний халдварын таван тохиолдол бүртгэгдэж, уг нөхцөл байдалтай холбогдуулан 100 орчим иргэнийг хорио цээрийн дэглэмд хамруулаад байна.
Тус улсын эрх бүхий байгууллагууд халдварын дэгдэлтийг хяналтад авах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж эхэлжээ. Халдвар авсан иргэдийг Баруун Бенгал мужийн төв Колката хот болон ойр орчмын бүсийн эмнэлгүүдэд хэвтүүлэн эмчилж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. ДЭМБ болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд Нипах вирусний тархалт, эрсдэлийг тасралтгүй судалж байгаа бөгөөд цаашид халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсаар байна.
Одоогоор Монгол Улс болон бүс нутгийн бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхлээд байна.
Иймд Монгол Улсын иргэдийг
• Халдварын голомт болсон хот, муж, дүүрэгт зорчихоос аль болох татгалзах,
• Онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлэг, олон нийтийн газраар явахгүй байх,
• Хувийн ариун цэврийг чанд сахих,
• Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх шаардлагатайг Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ анхааруулж байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын болон олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсээ Нипах вирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарахыг зөвлөв.