БНСУ-ын хуучин тэргүүн хатагтайг "Chanel" брэндийн цүнх зэрэг бэлгийг авлигад авсан хэмээн буруутгаж 20 сарын хорих ял оноожээ

БНСУ-ын хуучин тэргүүн хатагтайг "Chanel" брэндийн цүнх зэрэг бэлгийг авлигад авсан хэмээн буруутгаж 20 сарын хорих ял оноожээ

Өнөөдөр /2026.01.28/ БНСУ-ын Сөүл хотын төв дүүргийн шүүх Өмнөд Солонгосын хуучин тэргүүн хатагтай Ким Кён Хиг бизнесийн ашиг сонирхол хөөцөлдөн, Нэгдлийн сүмийн албан тушаалтнаас тансаг бэлэг авсан хэрэгт гэм буруутай гэж үзэн нэг жил найман сар буюу 20 сарын хорих ял оноожээ. 

Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Ким Кён Хид 12.8 сая вон буюу ойролцоогоор 9 мянган ам.долларыг хураах ял ногдуулсан байна. Тусгай шалгалтын баг Ким Кён Хид 2024 онд цэргийн дэглэм тогтоохтой холбоотой бослого гаргасан хэрэгт буруутгагдан шүүгдэж буй ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэрийн хувиар 15 жилийн хорих ял оноохыг хүсэж байжээ. Гэвч шүүх тэдний шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байна.

БНСУ-ын шүүх Ким Кён Хигийг 2022 оны долоодугаар сард Нэгдлийн сүмийн албан тушаалтнаас Chanel цүнх, Graff брэндийн өндөр үнэтэй зүүлт зэрэг тансаг бэлгийг бизнесийн ашиг хонжоо хайх зорилгоор хүлээн авсан гэж дүгнэжээ. Харин 2022 оны дөрөвдүгээр сард хахууль хэлбэрээр авсан гэх өөр нэг Chanel цүнхтэй холбоотой хэргийг, тодорхой хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй байна.

Шүүхийн тайлбарт “Шүүгдэгч албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигласан. Нэгдлийн сүмийн хүсэлттэй холбоотойгоор хүлээн авсан тансаг хэрэглээний бараанаас татгалзаагүй бөгөөд хувийн гоёл чимэглэлдээ анхаарал хандуулсан” гэж дурджээ.

Мөн Ким Кён Хи Өмнөд Солонгосын BMW автомашины диллер Deutsch Motors компанийн хуучин дарга болон түүний ойрын хамтрагчтай хамтран 2010-2012 оны хугацаанд компанийн хувьцааны үнийг зориудаар өөрчилж, 810 сая вонын хууль бус ашиг олох зорилготой хуйвалдсан хэргээр яллаж буй. Түүнчлэн БНСУ-ын 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийгөө эрх мэдэл бүхий зуучлагч хэмээн нэрлэсэн хүнээс нөхөртэйгөө хамт 270 сая воны үнэ бүхий үнэгүй санал асуулга авсан нь Улс төрийн сангийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. 

Гэсэн ч Сөүл хотын төв дүүргийн шүүх эдгээр санал асуулга нь зөвхөн Ким Кён Хи болон түүний нөхөрт зориулагдаагүй, эдийн засгийн бодит ашиг олгосон гэж үзэх үндэслэл хангалтгүй гэж дүгнэжээ. Мөн Ким Кён Хигийг хувьцааны үнийг өөрчлөх схемийг мэдэж байсан байж болзошгүй гэж үзсэн ч уг схемд хамсаатан болж оролцсон нь нотлогдоогүй гэж шүүх тайлбарласан байна. 

Наймдугаар сараас хойш цагдан хоригдож буй Ким Кён Хи бүх хэргийг үгүйсгэсээр байгаа аж. Түүний өмгөөлөгчид мөнгө, үнэт эдлэл авсан хэрэгт хорих ял оноосон нь хэтэрхий хатуу гэж үзэж, давж заалдах боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Yonhap