"Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" асуудлыг АН-ын бүлэг УИХ-ын Хаврын чуулганаар үргэлжлүүлэхээр болжээ

"Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" асуудлыг АН-ын бүлэг УИХ-ын Хаврын чуулганаар үргэлжлүүлэхээр болжээ

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 17 /2025.12.17/-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хурлаар 14 яаманд 14 дэд сайдыг томилж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг агентлагийг дахин байгуулахаар шийдвэрлэсэн нь “цомхон бүтцээр ажиллаж, төсвөө хэмнэ” гэж шаардаж ирсэн АН-ын бүлгийн улс төр хийх сэдлийг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө өдөөсөн гэхэд болно.

Тодруулбал,  Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гарын үсгээ зурж эхэлсэн байдаг. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын 32 гишүүний гарын үсгийг өнөөдөр ч бүрдүүлж болно. Гэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарт дэд сайд нараа огцруулах хугацааг өгч байна" хэмээн мэдэгдэж байлаа. 

Харин УИХ-ын Хаврын чуулган төгсгөлд УИХ дахь МАН-ын бүлгээс Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа, УИХ дахь АН-ын бүлгээс Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Батсуурь нараас бүрдсэн ажлын хэсэг гарч, "төрийн албанд давхардаж байгаа албан тушаалыг цогцоор нь шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулах"-аар болсон.

Энэхүү ажлын хэсэг Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, “дэд сайд” гэсэн албан тушаалыг хасах хуулийн төслийг боловсруулах юм. 

Харин энэ хугацаанд УИХ-ын намрын чуулган завсарлаж байгаа тул ажлын хэсэг хуралдахгүй, гишүүд нь ч тойрогтоо ажиллаж, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах ажил нь тодорхойгүй болсон байна. Тэгвэл ирэх гуравдугаар сарын 15 /2026.03.15/-нд эхлэх УИХ-ын Хаврын чуулганаар УИХ дахь АН-ын бүлэг "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" асуудлыг дахин сөхөж, үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.