БНСУ-ын экс тэргүүн хатагтай Ким Гён Хигийн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийн шүүх хурал энэ долоо хоногт эхлэхээр болж, тус улсын улс төр, нийгмийн хүрээнд ихээхэн анхаарал татаж эхэлжээ.
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хиг өнгөрсөн наймдугаар сард авлига, хувьцааны залилан, сонгуулийн үйл явцад хууль бусаар оролцсон зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан баривчилсан бөгөөд тэрээр өөрт нь тулгасан бүх буруутгалыг үгүйсгэж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2026.01.28/ болох шүүх хурал нь түүний эсрэг үүсгэсэн гурван хэргийн эхнийхийг хэлэлцэх бөгөөд шүүх хурлыг шууд дамжуулах ажээ. Энэ нь БНСУ-ын түүхэнд саатуулагдаж байх үедээ ял сонсож болзошгүй ерөнхийлөгчийн эхнэрийн анхны тохиолдол болж байгаа аж.
БНСУ-ын прокуроруудын мэдээлснээр, Өдгөө 52 настай Ким Гён Хи нь 2010-2012 оны хооронд BMW компанийн диллер Deutsch Motors компанийн хувьцаатай холбоотой үнийн залилангийн схемд оролцож, 800 сая воноос давсан ашиг олсон гэж буруутгагдаж байгаа юм. Мөн түүнийг сүмийн пастороос тансаг цүнх, үнэт эдлэл зэрэг бэлэг авсан гэж үзэж байгаа юм.
Өнөөдөр болох шүүх хурлын хүрээнд сүмтэй холбоотой хахуулийн хэрэг, Deutsch Motors-ийн хувьцааны залилан, сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэх гол асуудлуудыг төвлөрүүлэн хэлэлцэх бөгөөд прокурорууд өнгөрсөн сард Ким Гён Хид 15 жилийн хорих ял, 2 тэрбум воны торгууль ногдуулах саналыг гаргасан байна. Харин Ким Гён Хи өөрийгөө буруугүй гэж үзэж, тансаг цүнхнүүдийг хүлээн авсан ч ашиглалгүйгээр буцааж өгсөн хэмээн мэдэгдсэн хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: BBC