Монгол Улсад хууль бусаар амьдарч байсан гадаадын 78 иргэнийг албадан гаргажээ

Монгол Улсад хууль бусаар амьдарч байсан гадаадын 78 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын газраас энэ сард хийсэн хяналт шалгалтаар 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй хугацаа тогтоон албадан гаргасан байна. 

Эдгээр хүмүүсийн 53 нь БНХАУ, 11 нь ОХУ, гурав нь Узбекистан, хоёр нь Вьетнам, хоёр нь Киргиз улсын, долоо нь бусад орны иргэн байв. Эдгээр иргэнийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, Монголд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргасан байна.

Мөн эх орондоо залилах гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г тухайн улсын хууль, хяналтын байгууллагад энэ сарын 26-27-нд шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгуулав. Түүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, харьяалах улсад нь шилжүүлжээ. Гадаад иргэн харьяатын газраас өнгөрсөн онд гадаадын 1222 иргэнийг албадан гаргасан нь өмнөх оныхоос 41.4 хувиар нэмэгдсэн байна.