Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөх хүсэлтэй байгаа тул өөрийн хүн Д.Амарбаясгаланг ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ

Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөх хүсэлтэй байгаа тул өөрийн хүн Д.Амарбаясгаланг ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ

АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсантай холбоотойгоор тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг албан тушаалаас нь түдгэлзүүлж /2026.01.15/, тус албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилсон. Уг томилгооны дараа УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай ижил овог, нэртэй хүнийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо гэх хошигнол олон нийтийн сүлжээнд тарсан билээ. 

Ирэх дөрөвдүгээр сарын 7, 8-ний өдөр АН-ын Их хурал болох бөгөөд тус хурлаар ерөнхий нарийн бичгийн даргыг албан ёсоор сонгох юм. Ингэхдээ шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох уу эсвэл Д.Амарбаясгаланг жинхлэх үү гэдэг нь анхаарал татаж байгаа. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Амарбаясгалангийн хувьд тус намынхны хувьд тийм ч  танил хүн биш бөгөөд намын гал тогоог барих хэмжээний оролцоотой биш гэдгийг тодотгох хүмүүс ч байна.

Түүний талаарх мэдээлэл гэвэл Д.Амарбаясгалан нь УИХ-ын гишүүн Д.Ганбатын хүн гэж АН дотор яригддаг. Учир нь 2020-2022 онд Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаар ажиллаж байхад тэрбээр УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн АН-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоотой байсан нэгэн юм. 

Дараа нь Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдоход хэсэг дагаж гүйсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс УИХ дахь бүлгийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Энэ утгаараа түүнийг ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд Д.Ганбат зүтгүүлжээ. 

Харин Д.Ганбат өөрийн хүнийг албан тушаалтай болгосон нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөх битүүхэн хүсэлтэй нь холбоотой гэх мэдээлэл байна. 

Ирэх хавар улс төр халах бөгөөд тэр дундаа АН Үндэсний бодлогын хороо, Их хурлаа хуралдуулж дэд даргаас эхлээд бүх түвшний даргаа солих, фракциудын эрх ашгийг хангах гээд нэлээдгүй бужигнана.