Украин, Орос, АНУ-ын хооронд болсон анхны гурван талт хэлэлцээний дараа оролцогчид ирээдүйн уулзалтуудын төлөвлөгөөг боловсруулсан талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2026.01.25/ мэдэгдсэн байна.
Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод болсон уулзалтаар энх тайванд хүрэх зам тодорхойгүй хэвээр байгаа ч тодорхой ахиц гарсныг онцолсон байна. В.Зеленский олон нийтийн сүлжээнд “Олон чухал асуудлыг хэлэлцлээ. Яриа хэлэлцээ бүтээлч байх нь хамгийн чухал. Хэлэлцүүлгийн гол анхаарал нь дайныг зогсоох боломжит параметрүүдэд төвлөрлөө” гэж бичжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан, Бямба гарагт болсон уг уулзалт нь Орос улс 2022 онд Украинд халдсанаас хойш гурван улсын албан тушаалтнууд анх удаа нэг ширээний ард суусан тохиолдол ажээ.
АНУ-ын нэгэн албан тушаалтан энэхүү уулзалтыг хэдэн сарын турш үргэлжилсэн нууц дипломат оролдлогын үр дүн бөгөөд эцсийн тохиролцоонд хүрэх баталгаа байхгүй ч нүүр тулсан яриа хэлэлцээгүйгээр ахиц гаргах боломжгүйг онцолж, "чухал алхам" хэмээн тодорхойлжээ. Хоёр өдрийн хэлэлцээгээр бодитой тохиролцоонд хүрээгүй ч талууд цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ талаар В.Зеленский “Украин урагшлахад бэлэн. Хэрэв Украин бэлэн байвал дараагийн уулзалтууд ирэх долоо хоногт болж магадгүй” гэжээ.
Эх сурвалж: CNN