АНУ даяар дэгдсэн хүчтэй цасан шуурганы улмаас өчигдөр /2026.01.25/-ийн байдлаар нэг сая гаруй өрх цахилгаангүй болж, 10 мянга гаруй нислэг цуцлагджээ. Тус улсын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Цас, хүйтэн бороо хэдэн өдөр үргэлжилж, “хүмүүсийн амь насанд аюултай” нөхцөл байдал үүсгээд байгаа аж.
АНУ-ын Луизиана мужид цасан шуурганы улмаас хоёр хүн, Техаст нэг хүн нас барсан бол Нью-Йорк хотод дор хаяж таван хүн амиа алдсан талаар мэдээлжээ. Шуурганы улмаас мөсний зузаан нэмэгдэж, цахилгааны шугам тасрах, зам тээврийн осол нэмэгдэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. АНУ-ын 180 сая орчим хүн их хэмжээний цас, мөс, хүйтэн бороонд өртөх төлөвтэй байгаа бөгөөд олон муж онц байдал зарлаж, сургуулиуд болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр хугацаанд зогсоод байгаа аж. Шуурганы шалтгааныг Арктикийн туйлын эргүүлэгтэй холбон тайлбарлаж, хэт хүйтэн цаг агаар хоёрдугаар сарын эхэн хүртэл үргэлжилж болзошгүйг цаг уурынхан мэдэгджээ.
Эх сурвалж: BBC