ТОДРУУЛГА: ДЦ-ийн 05-р ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: ДЦ-ийн 05-р ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсан. 

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Энэ оны 01 дүгээр сарын 24-ний 00.10 цагт “Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч "Ц" нь эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно" гэлээ.

Эргэн сануулбал, 2025.12.23-ны өдөр "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг явдал гарсан. Энэ дагуу 30 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг хэсэг Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдаж, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн. Ингээд Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн билээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө