Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон. Тэгвэл тэрээр Швейцарын Давос хотоос ирээд хамгийн түрүүнд Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-д ажиллалаа.
"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид дөрөвдүгээр зууханд гарсан гэмтлийг засварлаж дуусжээ. +70 градустай хүнд орчин нөхцөлд шуурхай ажилласан тус станцын гагнуурчид болон засварчдыг Ерөнхий сайд сайшааж, шагнаж урамшуулна гэж мэдэгдэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Өвлийн оргил ачааллын үед зуухын цехийнхэн, засварчид, гагнуурчид өндөр ачаалалтай ажиллаж байна. Ийм хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлдэг байх ёстой. Тиймээс илүү цагийн нэмэгдэл, урамшууллаас гадна цалин хөлсийг нь нэмэгдүүлж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр салбарын яамыг шахаж ажиллана" гэв.
"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК дангаараа Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг. Найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Гэвч нэг зууханд гэмтэл гарснаар хязгаарлалт хийх зайлшгүй нөхцөл үүссэн байна. 15 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг засварын ажлын хамгийн сүүлийн үе шат болох шугам хоолойн үзлэг хийж, шинэ гагнаасаа шалгаж өнөө оройн оргил ачааллаас өмнө зуухаа залгахаар ажиллаж байна.
Гэхдээ гэмтлийг шуурхай засварлаж буй нь гал унтраасан арга гэж Ерөнхий инженер Д.Болдбаатар онцлов. Бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс яаралтай шинээр есдүгээр зуух барих шаардлагатай гэв.
Хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулжээ. Есөн зуухтай болсноор цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурах юм. Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх хугацаа наашлах зэргээр олон давуу тал бий болох юм байна.