АНУ-ын Хилийн эргүүлийн алба /ICE/ Миннеаполис хотод нэг хүнийг буудаж хөнөөсөн хэрэг өчигдөр /2026.01.24/ гарч, олон нийтийн ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, 37 настай сувилагч Алекс Претти нь энэ сард тус хотод холбооны агентын гарт амиа алдсан хоёр дахь хүн болж байна.
АНУ-ын Цагаачлал, Гаалийн хэрэг эрхлэх газар /ICE/-ын явуулж буй ажиллагааг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал дахин эхэлж, эрх баригчид жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Сонирхуулахад, Д.Трампын засаг захиргаа нийгмийн халамжийн луйврын талаарх мэдэгдлийн дараа энэ сарын 6-нд Миннесота мужид 2000 холбооны агент илгээснээс хойш Миннеаполис хотод хурцадмал үүсээд байгаа юм. Энэ нь ICE өнгөрсөн оны сүүлээр Миннеаполис хотод, тэр дундаа Сомалийн гаралтай оршин суугчдыг онилсон албадан гаргах кампанит ажлыг эхлүүлсний хариу үйлдэл юм. Холбооны агентууд ирснээс хойш эсэргүүцлийн жагсаалууд өрнөж, энэ сарын 8-нд АНУ-ын иргэн Рене Николь Гуд буудуулж амиа алдсанаар байдал улам хурцадсан байдаг.
АНУ-ын албаныхны мэдээлснээр "өчигдөр амиа алдсан Алекс Претти нь цагаан арьст, Миннеаполис хотын оршин суугч байжээ. Цагдаа нар түүнийг хууль ёсоор галт зэвсэг эзэмшдэг байсан бөгөөд хууль сахиулах байгууллагатай холбогдсон цорын ганц тохиолдол нь зогсоолын торгуультай холбоотой байсан" гэж мэдэгдсэн байна.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй дүрс бичлэгт агентууд А.Преттиг бүсэлж, газарт унагаж буй агшныг харуулжээ. Буун дуу гарахаас өмнө нэг агент түүнийг хэд хэдэн удаа цохисон байж болзошгүй байх бөгөөд удалгүй А.Претти газарт унасан байна. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам түүний авч явсан гар бууны зургийг олон нийтэд дэлгэсэн байна.
ВИДЕО:
ВИДЕО: АНУ-ын холбооны агент жирийн иргэнийг буудаж, хөнөөсөн нь эсэргүүцлийн жагсаал дахин эхлэхэд хүргэжээ pic.twitter.com/fsrlqD41eO
— iSee.mn (@iSee_MN) January 25, 2026

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өчигдөр /2026.01.24/ орон нутгийн цагаар 09:05 цагт Миннеаполис хотод холбооны офицер нэг хүнийг буудаж хөнөөсөн болохыг баталсан юм. Яамны хэвлэлийн төлөөлөгч Триша Маклафлин Хилийн эргүүлийн офицерууд “хүчирхийллийн хэрэгт сэжиглэгдсэн хууль бус гадаадын иргэн”-д чиглэсэн ажиллагаа явуулж байх үед 9 мм-ийн хагас автомат гар буутай этгээд ойртож ирсэн гэж мэдэгджээ. Ингээд “офицерууд сэжигтнийг зэвсэггүй болгохыг оролдсон ч зэвсэглэсэн этгээд эсэргүүцэл үзүүлсэн. Өөрийн болон хамтран ажиллагсдынхаа амь насанд аюул заналхийлж байна гэж үзсэн нэг агент хамгаалалтын буудлага хийсэн” хэмээн тайлбарласан байна.
Мөн хэргийн газарт байсан эмч нар яаралтай тусламж үзүүлсэн ч тухайн хүн газар дээрээ нас барсан гэж мэдэгджээ. Дараа нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хилийн эргүүлийн командлагч Грег Бовино мөн “хамгаалалтын буудлага” байсан гэдгийг онцолсон байна.
Харин Миннесота мужийн захирагч Тим Уолз олон нийтийн сүлжээгээр дамжуулан “энэ хэргийг холбооны түвшинд биш, муж өөрөө удирдан мөрдөн шалгах ёстой” гэж мэдэгдсэн байна. Миннеаполис хотын дарга Жейкоб Фрей ICE-ийн ажиллагаа “манай хотод аюулгүй байдлыг нэмэгдүүлэхгүй байна” хэмээгээд, үүнийг хариуцлага хүлээдэггүй, баг зүүсэн агентуудын “довтолгоо” гэж тодорхойлжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг “Миннеаполисыг нэгдүгээрт тавьж, яаралтай арга хэмжээ авч, холбооны агентуудыг хотын нутаг дэвсгэрээс гаргах”-ыг уриалсан байна.
Иймээс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп олон нийтийн сүлжээнд Дотоодын аюулгүй байдлын яамнаас нийтэлсэн гар бууны зургийг хуваалцаж, орон нутгийн цагдаа нар хаана байсан талаар асуужээ Тэрээр “Яагаад тэд ICE-ийн ажилтнуудыг хамгаалахыг зөвшөөрөөгүй юм бэ? Хотын дарга, захирагч тэднийг ажлаас нь халсан уу?” хэмээн бичсэн байна. Мөн тэрээр “олон цагдаа ажлаа хийх боломжгүй болгогдсон тул ICE өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүйд хүрсэн” гэж онцолж, үүнийг “амархан зүйл биш” гэж тодорхойлжээ. Улмаар “Хотын дарга, захирагч нарын хэт ихэмсэг, аюултай үг хэллэг бослогыг өдөөж байна. ICE АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ!” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC